“BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармагт 120 гаруй ААН оролцож байна
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал Д.Ибрай, МБҮА-ийн захирал Л.Хулан, МБМҮХ-ны менежер Г.Цэрмаа болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол групп” ХХК, “Тэсо пропертис групп”, ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК ажиллалаа.
Есдүгээр сарын 12-ныг хүртэл дөрвөн өдөр үргэлжлэх үзэсгэлэнд 120 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, шинэ орон сууц, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд вакцины 2 дахь тундаа хамрагдсан иргэдийг оролцуулж байна.
Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэсгэлэнг үзэх боломжийг иргэдэд олгож байв. Барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” - ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар онцоллоо.