Бага насны хүүхдүүдийг маргаашаас ТОМУУГИЙН ВАКЦИНД хамруулна
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өгсөн.
Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна. Маргаашаас эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм.
Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд анхаарууллаа.
Тэрбээр “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн, КОВИД-19 халдвар авсан эсэхийг гэрийн нөхцөлд ялгаж оношлох, эмчлэх талын зохион байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй” хэмээн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо.