МОНГОЛБАНК: “Ятгах тусам нягтал-2021“ аяны ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (09-р сарын 08-ны өдөр) боллоо.

Хэлэлцүүлэгт Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Цагдаагийн Ерөнхий Газрын Тэргүүн Дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Монголын банкны холбооны дэд Ерөнхийлөгч Р.Мөнхтуяа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь болон бусад албаны хүмүүс (биечлэн болон цахимаар) оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Ковид-19 цар тахлын нөлөөгөөр цахим орчин дахь хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон улсад “залилах” гэмт хэргийн хохирлын хэмжээ өсөн нэмэгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, Холбооны мөрдөх товчооны мэдээллээр цар тахлын улмаас цахим халдлага 300 хувиар өсөөд байгаа нь яах аргагүй анхаарал хандуулах асуудал болоод байгаа юм.

Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талаар иргэдээс мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардах болов. Монгол Улсын хувьд 2021 оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. 2020 оны эцсийн байдлаар залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин буурсан хэдий ч хохирлын хэмжээ 67.2 тэрбум төгрөгт хүрч өсөөд байгаа юм.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн аяныг  Монголбанк, Мөрдөн байцаах алба, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аянаар цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгтэй тэмцэх, үүний хүрээнд иргэдийг мэдээллээр хангах, анхааруулахад голлон анхаарч байгаагаараа онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630787
0 эможи

keyboard_arrow_up