Тавилгаа бэхэлснээ шалгаарай
-Дэлхий нийтэд газар хөдлөлтийн гамшигт өртөх хамгийн том эрсдэлийг овор ихтэй тавилга, эд хогшилдоо дарагдах гэж үздэг-
Газар хөдлөлтийн аюул аминд тулж ирснийг анхааруулсаар байгаад сүүлдээ иргэд ч мэргэжлийн байгууллага ч дөжрөх шинжтэй болов. Гэтэл байсхийгээд л абжур савлаж, орон дээрээс унатал “түлхлээ” гэсэн постууд сошиал орчинд цуврах боллоо. Өмнөх жилүүдэд хэзээ ийм байлаа. Гэтэл сүүлийн ганцхан жилд л газар хөдлөлтийн давтамж, балл огцом нэмэгдэхийн хэрээр байшиндаа дарагдах нь гэж төрөөс хариуцлага нэхсэн хүмүүс дүүрэн байна. Өөрөөр хэлбэл, төр газар хөдлөх гэж байгааг түрүүлж мэдээд та, бидний гар утас руу залгаж, хаалга тогших ёстой бололтой. Гэвч улсын байгууллага тодорхой хэмжээнд урьчилан сэргийлэх ёстой ч аюулаас амжиж аварна гэж найдах хэрэггүй. Угаас дэлхий нийтээр газар хөдлөлтийн аюулыг урьдчилж мэдээлдэг технологи хараахан алга. Тиймээс газар хөдлөлтийн аюулын үед төрд толгойгоо даатгаад хэрэггүй нь тов тодорхой юм.
...Элдэв доргилтын үед өөрийгөө болоод гэр бүлээ аюулгүй байлгахын тулд эхний ээлжинд гэр доторх шүүгээ, зурагт, номын тавиур зэргээр хүн гэмтээх эрсдэлтэй тавилгуудаа заавал бэхлэх хэрэгтэй.
Газар хөдлөлтийн аюулыг сэрэмжлүүлэхийн тулд хуурай тоо баримт дурдахаас илүү та, бид бэлэн үү. Гэр бүлээ аврах анхны мэдлэг байгаа юу гэдэгтээ л юуны түрүүнд дүгнэлт хийхээс өөр гарц өнөө үед алга. Тиймээс яг одоо гэр бүлээрээ хуралдаж абжур савлаж эхэлбэл хэрхэн аюулгүй байх вэ. Хэн хаана нуугдах вэ. Гадна гараад аюулгүйн талбайгаа мэдэх бил үү зэргээр жаахан мэдлэг хуримтлуулья. Энд ганцхан тоогоор тодотгоход, манай улсад 3.2 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 2010 онд 31 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 56, харин энэ жилийн эхний долоон сард 255 болжээ. Тухайлбал, он гарснаас хойш нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол есдүгээр сард Төв аймгийн Жаргалантад таван магнитуд давсан нь аюулын дохио аминд тулж ирснийг харуулж буй юм.
Бидний амьдарч буй орон сууцны ихэнх нь чанар муутай. Муугаар хэлэхэд, эхний доргилтоор нурах эрсдэлтэйг бүгд мэднэ. Тэглээ гээд байшин нурах нь гэж халаглаж суухаас илүү гэр доторх аюулгүй байдлаа хангасан уу гэдэг л нэгдүгээр асуудал болж байна. Хамгийн наад захын жишээ бол тавилга бэхлэх. Хэрэв анзаарсан бол зарим нэр хүндтэй компаниуд тавилгаа зарахдаа заавал бэхэлж, тогтоохыг худалдан авагчдад сануулдаг. Тиймээс элдэв доргилтын үед өөрийгөө болоод гэр бүлээ аюулгүй байлгахын тулд эхний ээлжинд гэр доторх шүүгээ, зурагт, номын тавиур зэргээр хүн гэмтээх эрсдэлтэй тавилгуудаа заавал бэхлэх хэрэгтэй. Өөрөөс хэлбэл, газар хөдлөлтийн аюулаас амьд үлдэх хамгийн эхний алхам бол овор хэмжээ ихтэй тавилгуудаа бэхлэх юм. Дэлхий нийтэд газар хөдлөлтийн гамшигт өртөх хамгийн том эрсдэлийг овор ихтэй тавилга, эд хогшилдоо дарагдах гэж үздэг. Үүний дараа газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах хатуу тавцантай ширээ, сандалтай эсэхээ шалгаж, ус, цахилгаанаа хэрхэн унтраах, гэрээсээ яаралтай гарлаа гэхэд чухал бичиг баримт, эмийн сан, хэд хоногийн хүнсээ бэлтгэж гарт ойр тавих. Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах, шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх, галын хор ашиглаж сурах дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Энэ мэтээр мэргэжлийн байгууллага ирэх хооронд ойр байгаа нэгэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сайн дурын аврагчийн үүргийг хүн болгон биелүүлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл, өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байхаас аргагүй цаг үетэй нүүр тулж байна.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
-Тайван бай, үймж сандрах хэрэггүй
-Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
-Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
-Бат бөх ширээн доогуур орох
-Цонхноос хол байх
-Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
-Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
-Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
-Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
-Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
-Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
-Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
-Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
-Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
-Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
-Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
-Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
-Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
-Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
-Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
-Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
-Гал гаргаж болохгүй
-Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
-Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
-Цахилгаанаа яаран бүү залга
-Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|