МҮЭХ: Бүх юмны үнэ өслөө, цалин тэтгэврээ нэм
Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Тэд Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх гэж оруулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны өдөр гаргасан 43-р тогтоолын 1.3 заалтад төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлс, орлого үр ашигтай уялдуулан үйл ажиллагааны чиглэл цар хүрээг харгалзан цалин хөлсийг нэмэхгүй, шагнал урамшуулал бүтэц орон тоог нэмэхгүй байх тогтоол үйлчилж эхэлсэн. Энэ тогтоолыг анх тайлбарлахдаа төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудын захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан.
Гэтэл өнөөдөр албан байгууллагууд энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад нийт ажилтны орон тоог багасгах, цалинг нэмэхгүй байх, ажлын ачааллыг ихэсгэх сөрөг үр дагавар бий болж байна. Иймд энэ 43-р тогтоолын 1.3 заалтыг МҮЭХ-оос эсэргүүцэж байна.
Түүнчлэн, цар тахалтай холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учир иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна гэсэн юм.
Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Засгийн газрын 43-р тогтоолтой холбоотойгоор авто замчдын ХАБ-ын зардлаас нь танаж, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хортой нөхцөлд ажилладаг.
Засгийн газраас санхүүжилтээ өгдөггүй хэрнээ хэмнэлт хийхийг шаардаж байна. Дөрөвдүгээр сараас авто замын салбарынхан цалингүй шахам байсан.
Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яаманд албан бичиг хүргүүлэхээр хариу ирэхээ больсон” гэв.