Б.Эрдэнэдэлгэр: Цахим орчин дахь залилах гэмт хэргийн улмаас дөрвөн жилд 27 тэрбум төгрөгийн хохирол учирсан
Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-ын хамтарсан хэлэлцүүлэг боллоо.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулга шилжүүлгээр иргэд, ААН-үүд их хэмжээний хохирол амссан хэвээр байна.
Тиймээс Санхүүгийн залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Ятгах тусам нягтал" гурван цуврал аяныг Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо хамтран 2020 оны турш амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2020 оны эцэст өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буурсан нь тус аяны үр дүн юм. Хэдий ахицтай үр дүн гараад байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай.
Иймд "Ятгах тусам нягтал" 2021 аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Иргэд санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал хэвшилтэй байх нь чухал" гэлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр " Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг ямар байдлаар өсөж байна, нийт гэмт хэрэг дотор эзлэх хувь хэр хэмжээтэй байна вэ гэдэгт судалгаа хийж үзсэн. Жишээлбэл,
017 онд 2030 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол
2018 онд 5372,
2019 онд 4688,
2021 оны эхний долоон сарын байдлаар 3635 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Залилах гэмт хэрэг Монгол улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 -24,7 хувийг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн өссөн шалтгааныг авч үзэхэд, нэгт, эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой тодорхой өсөлт байна. Үүнд, 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэглэж буй эрүүгийн хуулинд “Залилах гэмт хэргийн хохирлын доод хэмжээ”-г заагаагүй. Харин хуулийн өөрчлөлттэй холбоотой тодорхой үйлдэл нэг бүрийг гэмт хэрэг гэж тооцож, эрүүгийн хэрэг үүсгэж байна. Тухайлбал, өмнөх хуулиар нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бид зөвхөн нэг хэрэг бүртгэл нээгээд явдаг байсан бол одоо тус тусад нь хэрэг үүсгэж байна.
Хоёрт, шинэ төрлийн залилах гэмт хэрэг их бүртгэгдэж байна. Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гэдэгт, цар тахалтай холбоотойгоор иргэдийн интернет хэрэглээ өсөж, энэ өсөлтийг дагаад цахим гэмт хэргийн үйлдлийн аргууд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг.
Монгол улсад яг одоогийн байдлаар түгээмэл үйлдэгдэж байгаа залилах төрлийн цахим гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгвөл,
Онлайн худалдаа. Манай иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр шилжүүлэх байдлаар шилжүүлэг хийхийг хүсдэг. Ингээд худалдаа хийснээр бид гэмт хэргийн хохирогч болж байдаг. Уламжлалт худалдааны аргууд цахим хэлбэрт шилжсэн. Үүнийг дагасан тодорхой хэмжээний гэмт хэргүүд үйлдэгдэж байна гэж үзэж байна.
Фэйсбүүкийн нууц үгээ алдах. Иргэдийн хувьд фэйсбүүкийн нууц үгээ хакердуулчихлаа гэдэг. Яг үнэндээ фэйсбүүкийн нууц үгээ алдаж байна гэдэг нь өөрийн аюулгүй байдлаа хангах, хайхрамжгүй үйлдлээс болж байна гэсэн үг Үүнийг дагаад таны ойр дотны хүнээс мөнгө зээлэх гэдэг. Энэ их түгээмэл үйлдэгдэж байна.
Зээл, хөрөнгө оруулалтын санал. Гаднын аль нэг санхүүгийн байгууллагын нэрийг барьж, иргэд зээл авах хүсэл илгээснээр зээлийн шимтгэл, хүүгийн урьдчилгаа төлбөр зэрэг байдлаар мөнгө залилж авдаг.
Азтан шалгаруулах. Ямар нэг байгууллагын нэр барьж азтан шалгаруулдаг. Ингээд бидэнд азтан шалгарсан гэсэн тодорхой үйлдэл хийхийг шаарддаг. Үүнд мөн л урьдчилгаа төлбөр авахыг шаарддаг. Тэгээд шагналаа авахын тулд урьдчилгаа төлбөр шилжүүлж хохирох тохиолдол байна.
Өв залгамжлал. Яг тантай ижил нэртэй, ижил регистрийн дугаартай нэг хүн тухайн банканд данс эзэмшдэг. Тэгээд тэр этгээд нас барсан учир өв залгамжлал, эсвэл энэ мөнгийг авах боломж байна гэдэг мэдээллийг таны фэйсбүүкийн хувийн чатаар ирүүлдэг. Ингээд урьдчилгаа төлбөр шилжүүлээд хохирч байна.
2017 онд цахим орчинд залилах гэмт хэрэг 136 бүртгэгдсэн бол 2021 оны эхний долоон сарын байдлаар 776 бүртгэгдсэн байна.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2017-2020 оны байдлаар 27 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хамгийн ноцтой нь энэ мөнгө Монгол улсын хилийн гадагш гарчихсан.
Харин цахим гэмт хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршиг гэвэл, энэ оны найман сарын байдлаар 9 тэрбум төгрөгийн хохирол учирсан." гэлээ.