БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Дотоод хэргийн их сургууль, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд ахмад Дин Ван Ту манай Их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгслөө. Тэрээр  “Монгол Улс, БНСВУ-ын цагдаагийн байгууллагын  Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалсан юм.
        БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом  гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн  танхимд зохион байгууллаа.
         Ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дам,  Их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор/Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон эрдмийн ажлын удирдагч багш нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:
       
          “Юуны өмнө энэхүү үйл ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дам танд баярлалаа.
        Дэлхий нийтээр өргөн тархсан цар тахлын эрсдэлтэй цаг үед докторын зэрэг  судалгааны ажил туурвиж, амжилттай хамгаалсан ахмад Дин Ван Ту-д хувиасаа болон Их сургуулийн эрдмийн хамт олны  нэрийн өмнөөс баяр хүргэе.
       Манай  Их сургууль хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын олон сургалт, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, ижил төрлийн  мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Ардын цагдаагийн академитай  бид  2016 онд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан тав дахь жилдээ хамтран ажиллаж байна.
         Энэ хүрээнд манай Их сургуулийн магистр, докторын сургалтад БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн хоёр алба хаагч хамрагдаж, амжилттай суралцаж төгссөн юм.  Манай Их сургуулийн төдийгүй манай улсын боловсролын салбарын түүхэнд Вьетнамын иргэд Монгол Улсад магистр, докторын зэрэг хамгаалсан ховорхон тохиолдлын  нэг бол ахмад Дин Ван Ту-гийн докторын хөтөлбөрт суралцсан явдал юм. Энэ нь манай хоёр  сургуулийн  түүхийн хуудсыг баяжуулахаас гадна хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит илрэл болсон юм” гэж хэллээ. 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дам:
   
    Манай улсын иргэн, ахмад Дин Ван Ту Дотоод хэргийн  Их сургуулийн  докторын хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөөд докторын диплом гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулсанд баяртай байна. Цаашид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж, туслаж ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

  БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту:  Би Дотоод хэргийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгсөөд өнөөдөр Их сургуулийн эрдмийн хамт олны зүгээс докторын дипломыг маань хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаад баяртай байна. Миний эрдмийн ажлыг удирдаж,  чиглүүлж өгсөн доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар доктор /Ph.D/, дэд профессор, дэд хурандаа Г.Лхагвамаа болон бүх эрдэмтэн багш нартаа баярлалаа. Дотоод  хэргийн их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, цаашдаа илүү хичээх болно. Баярлалаа.
           Ёслолын үйл ажиллагааны  төгсгөлд Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллах хүсэлтэйгээ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дамд илэрхийлсэн юм.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630665
0 эможи

keyboard_arrow_up