Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.АМАРСАНАА МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, салбарын алдар гавъяатууд та бүхэнд Монгол Улсад  шинэ үеийн  барилгын салбар үүсч хөгжсөний  түүхт 95 жилийн ой,  “Барилгачдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, ард иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагааг ханган ажиллахад та бүхний мэргэжил, авъяас чадвар,  хөдөлмөр бүтээл үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг түүхт ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. 

Дэлхий дахинд тархсан “COVID-19” цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа  барилгын салбарт огцом хямрал үзүүлж байгаа хэдий ч Монгол Улсын  хэмжээнд барилга бүтээн байгуулалтууд зогсолтгүй өрнөж, томоохон төсөл хөтөлбөрүүд үргэлжилж, ахиц дэвшил  гарч байгаад бид бүхэн баяртай байна. Цаашдаа цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом сэргэх хандлага байгаа тул бид бүхэн боломжоо ашиглаж, хамтран ажиллах нь чухал юм.

Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2021 онд барилга байгууламжийн 1260 гаруй зураг төслийг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулах ажлыг зохион байгуулж, аймаг орон нутгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудтай хамтран ажиллаж,  улсын хэмжээнд 400 гаруй төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн барилгын салбарын мэргэжилтэн, ажилтнуудаа мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж, энэ оны хагас жилийн байдлаар нийт 3399 мэргэжилтэнг хамрууллаа. 

Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлыг сүүлийн 3 жилд хэрэгжүүлж, нийт 213 хот, сум, суурин газруудад орон нутгийн судалгаа хийж ажиллалаа. Энэ хүрээнд бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тодорхойлж, тэдгээрийн нийгмийн болон хатуу дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг бодитойгоор төлөвлөх зэргээр хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

2009 оноос хойш шинэчлээгүй байсан салбарын ажилчдын тариф, цалин, хөдөлмөр зарцуулалтын хугацааны жишиг нормыг шинэчлэн батлуулж улмаар төсвийн суурь нормуудыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд ингэснээр салбарын төсвийг томсгосон аргачлалаар тооцох ажлын бэлтгэл хангагдах юм. Үүнээс гадна техникийн нормуудыг тогтмол шинээр болон шинэчлэн боловсруулж сүүлийн хоёр жилийн хугацаанд хот төлөвлөлт болон эзлэхүүн төлөвлөлтийн нормыг түлхүү шинэчилж байна.
Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр салбарын хууль эрхзүйн орчныг  илүү сайжруулах, норм, нормативын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, Барилгын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ХАБЭА-н чиглэлээр мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник технологийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд нэгдэн хамтдаа шийдвэрлэх үүрэг бидэнд бий.
Монгол барилгачдын бүтээн байгуулалт улс орныхоо хот сууринг цогцлоож, монгол инженерийн ур ухаан, авъяас чадвар дэлхийд үнэлэгдэх болсон бахдам амжилтаар барилгын салбарынхаа түүхт 95 жилийн ойгоо угтаж байгаа та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх аз жаргал, улам их амжилтыг хүсэн ерөөе.


БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630452
15 эможи

Зочин
2021-09-02 23:32
ЖДҮ-чин мэргэжлийн бус нөхөр энэ барилгын салбарт байгаад л байгаа юу ? Күйе мөн ичдэггүй нөхдүүд байх юмаа. Мэргэжлийн мундаг хүмүүс зөндөө л байдаг даа энэ барилгыг салбарт. Ийм нөхдүүдийг хаанаас олоод салбараа самруулаад байдаг юм ойлгохгүй юм дөө.
keyboard_arrow_up