ТЦА: Машин дотор түгжигдсэн 2 настай охиныг бүтэх аюулаас аварчээ
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд 16 цагийн орчимд хоёр настай охиныг Тоёота-Кроун маркийн автомашинд түгжээд үлдээсэн байжээ.
Машин дотор агаар дутсанаас болж хүүхэд уйлж, ээрч байсныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, Check media-ийн зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, Цагдаагийн дэд ахлагч П.Гантогтох нар автомашины нарны хаалтыг эвдэж, хаалгыг нь онгойлгон хүүхдийг гаргасан байна. Хүүхдийг машинаас гаргах үед хөлс нь цутгаж, ээрч, айсан байдалтай байсан бөгөөд ээжийг нь дуудаж өгчээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д "...10 хүртлэх насны хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно... " гэж заасан байдаг. Тиймээс эцэг, эхчүүдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.