МҮОНРТ-ийн захирал А. Бүрэнбаатарыг ХУУЛЬ БУСААР томилогдсон гэв
МҮОНРТ-ийн удирдлагын сонгон шалгаруулалт будлиантсан нь илчлэгдэж, одоогийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг хууль бусаар томилогдсоныг шүүхээс тогтоожээ.
Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс наймдугаар сарын 3-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үед тооллогын комисс хариуцлагагүй ажиллаж, алдаатай тоолсон нь хуулийн байгууллагын шалгалтаар нэгэнт тогтоогдсон тул энэ оны гуравдугаар сарын 5-нд гаргасан "Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол"-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байна.
Улмаар А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, баталсан журмынхаа дагуу дахин явуулахыг Үндэсний зөвлөлд даалгажээ.Товчхондоо, гурван сар гаруй сүр дуулиантайгаар зарлаж, 14 нэр дэвшигчтэй эхэлсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт эхний шатнаасаа л завхарч, дахин бөөн будлиан, бантан болж хувираад байгаа нь энэ юм.









