Л. Халтар сайдын зүтгүүлсэн УБТЗ-ын ГУРВАН ЭРХЭМ Оросын талд ГОЛОГДЖЭЭ
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч 7-р сард хүнд өвчний улмаас нас барсан. Гэвч түүний оронд томилох хүнийг өнөөдрийг болтол Оросын талтай хамтран шийдэж чадаагүй байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс удаа дараалан “УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч Оросын тал зөвшөөрсөнгүй.
Учир нь дээрх гурван нэр дэвшигчийг ажлын туршлага хангалтгүй, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан зэрэг үндэслэлүүдээр татгалзсан байна.
Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга, Г.Сэрээнэндорж нь УБТЗ-ын ерөнхий инженер, харин Б.Даваасүрэн нь УБТЗ-ын Зорчиг тээврийн албаны даргаар ажилладаг эрхмүүд юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН бол хоёр улсын хамтарсан компани учраас түүний удирдлагыг Монголын тал дангаараа шийдэхгүй. Тэгээд ч Л.Халтар сайдтай зөвшилцөж чадахгүй тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгосон хүнийг дэмжих хувилбар ч байж болох талтай ажээ.
Санал болгосон гурван нэр дэвшигчийн алийг нь ч хүлээж аваагүй учраас одоо дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлнэ. Тэр хүн нь Оросын тал хүлээн зөвшөөрөхүйц ажлын дадлага туршлагатай, хамт олны дунд нэр хүнд сайтай байхаас гадна Монгол Оросын “УБТЗ” ХНН-ийн ойрын үеийн том төсөл, зорилтуудыг хэрэгжүүлэх хэмжээний мэдлэг чадвартай хүн байхыг шаардаж байна.
Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрөх ажээ.