ТАНИЛЦ: Энэ хичээлийн жилд мөрдөж эхлэх шинэ ЖУРМУУД

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.

Цар тахлын үед нээж буй 2021-2022 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна.

ЦЭЦЭРЛЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Нийслэлийн 60 сургуульд багш нар хоёр ээлжээр ажиллана

Нийслэлийн 60 цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна. Ингэхдээ эхний ээлжид энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.30-19.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг тул ийм шийдвэр гаргажээ.

Ямар тохиолдолд цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

Энэ жил улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт дөрвөн настай 60,193 хүүхэд, таван настай 77,185 хүүхэд суралцах тооцоолол байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгийн танхимын сургалтад хамруулах бөгөөд анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирц болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээг авна. СӨБ-ын үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээх ч цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн сургалт руу шилжүүлнэ.  

  • Нэг ангид  нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
  • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Цэцэрлэгт хамрагдах хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах
  • Өглөөний цайг нь бэлдэж өгөх
  • Өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулах
  • хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй
  • Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувьд нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Ямар тохиолдолд сургуулийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

  • Вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
  • Вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
  • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа, давтамж

  • 1-2-р ангийн нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, нэг өдөрт дөрвөн хичээлээс хэтрэхгүй,
  • 3-12-р ангийн сурагчид өдөрт нэг хичээлийг 35 минут, таван хичээлээс хэтрэхгүй байхаар тогтжээ. Хичээл эхлэх, дуусах цагийн хуваарийг анги бүрд ялгаатай байлгана.

ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэм мөрдөх зөвлөмж

  • Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
  • Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
  • Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
  • Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
  • Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаарлах байрыг бэлтгэх
  • Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
  • Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
  • Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
  • Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
  • Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
  • Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгчээ.

Цэцэрлэг, сургуульд сэжигтэй тохиолдол илэрвэл авах арга хэмжээ

Танхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдвал сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд  эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.

Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн. Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах зөвлөмжийг хүргүүлснийг НМХГ-аас мэдээлсэн.

Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана
  • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна
  • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх
  • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх
  • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх
  • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ
  • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа "хөл- толгой" зарчим баримтална
  • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна
  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана
  • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах
  • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна
  • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх
  • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах
  • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630404
0 эможи

keyboard_arrow_up