Б.Солонго: “Рио Тинто”-гийн тохиролцох саналыг нухацтай судалсны үндсэн дээр шийдвэрлэнэ

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж ярьсан "Рио Тинто" групптэй хийж буй хэлэлцээний явц, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Солонго мэдээлсэн. Тэрээр өнөөдөр орой МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлаа. 

-“Рио Тинто”-гоос Засгийн газарт ирүүлсэн албан бичигт ямар саналуудыг тусгасан байсан вэ?

-Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж үүгээр “Рио Тинто”-гоос ирүүлсэн албан бичгийг танилцуулсан. Энэ оны 8 дугаар сарын 24-ний албан бичгийг Ерөнхий сайдын нэр дээр хаяглан “Рио Тинто” группийн захирал Б.Болд болон “Туркойз Хилл” компанийн захирал Стив Тиволт (Steeve Thibeault) нар ирүүлсэн. Энэ асуудал дээр бид хэвлэлийн мэдээлэл өгсөн байгаа. 

Ер нь товчдоо 2 үндсэн асуудлыг хөндөж байгаа. Нэг нь, Монгол Улсын хувь эзэмшил болох 34 хувьд ногдох зээлийн хүү, зээлийн асуудлыг эргэн харья. Монгол Улсын 34 хувийг зээлээр санхүүжүүлээд байгаа, зээлийн үнийн дүн өнөөдөр ойролцоогоор 2.4 тэрбум ам.доллар байгаа. 

Энэ нь өнөөдөр нэлээн асуудал болж байгаа. Яагаад гэвэл гүнийн уурхай ашиглалтад орох хугацаа хойшлогдоод, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэнээс болоод зээлийн хэмжээ нэмэгдээд явах санхүүгийн тооцооллыг Оюутолгой компаниас өгсөн. 

Энэ зээлийг аль болох бууруулья, хэмжээг нь эргэж харья, ер нь 34 хувийн асуудлыг бүхэлд нь эргэж харах боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр энэ зээлийг тэглэх боломжтой гэсэн асуудал яригдаж байгаа. Гэхдээ яг албан бичиг дээр энэ талаар дурдагдаагүй байгаа. 

Өөр нэг асуудал яалт ч үгүй гүнийн уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлогдож, ХӨО-ын зардал их хэмжээгээр нэмэгдсэний улмаас Монгол Улсад ирэх ёстой байсан үр өгөөж нэлээн багассан, хугацаа хойшилсон. Тухайлбал, 2020 оны эцэс, 2021 оны нэгдүгээр сар гэхэд гүнийн уурхай ашиглалтад орох байсан. 

Зэсийн үнэ өндөр байгаа, цар тахлын нөлөөгөөр эдийн засаг маань эмзэг, хүнд байгаа үед гүнийн уурхай хэрэв ашиглалтад орсон байсан бол төсвийн орлоготой байх байсан. Цар тахлыг даван туулахад тодорхой хэмжээний төсвийн орлоготой байх боломж байсан. Гэтэл харамсалтай нь гүнийн уурхай ашиглалтад орох хугацаа хойшлогдсоноос болоод энэ орлого маань мөн хойшлогдсон. 

“Рио тинто”-гоос гүнийн уурхай дээр тулгарсан эдгээр хүндрэлээс уучлалт хүсье гэж албан бичигтээ дурдсан. Үүнээс болж Монгол Улсад орж ирэх байсан төсвийн орлого хойшилсон байдлыг харгалзан үзээд Монгол Улсад ирээдүйд, дараагийн 3 жилд нэг их наяд төгрөг буюу 350 сая ам.долларыг төлье гэсэн саналыг ирүүлсэн. 

Энэ бол зөвхөн “Рио Тинто” компаниас гаргаж буй санал. Энэ саналыг бид ажлын хэсгийн болон Засгийн газрын түвшинд нухацтай судлах ёстой байгаа. Судалсны үндсэн дээр ямар хариу өгөх вэ гэдгээ шийдвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630400
0 эможи

keyboard_arrow_up