Г.ОТГОНТАМИР: 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар сургуульруу нь ганцааранг нь явуулахгүй байх хэрэгтэй
2021-2022 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
"Маргааш хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул сургууль орчмын гарцууд дээр ТЦА бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэх дээр хяналт тавина.
Эцэг эхчүүдийн гаргаж буй нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар ганцааранг нь явуулах, сургуулийнх нь гадаа буулгадаг. Үүнд цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлнэ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүлээлгэж өгөх, тарах үед нь гараас нь хөтөлж авч байх шаардлагатай.
Түүнчлэн хүүхэдтэйгээ хамт гарцаар гарч байх, гараас нь хөтөлж явах, тээврийн хэрэгсэлдээ аюулгүй тээвэрлэн явж байхыг зөвлөж байна.
Энэ жил Тээврийн цагдаагийн албанаас Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая уриалгыг дэвшүүлж байна" гэлээ.
2019 оны есдүгээр сард улсын хэмжээнд 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхдийн амь хохирсон байна. Харин 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь нас хохирч, 96 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэнийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.