Саид Моллай Герман улсын иргэн болохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв
Олимпийн мөнгөн медальт Саид Моллай Герман улсад очсон даруйдаа Монгол улсын Засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Уг мэдэгдлийн дараа түүнийг Монгол улсын иргэншлээс татгалзаж, ХБНГУ-ын иргэн болохоор хүсэлтээ гаргасан талаар шуум цахим орчинд түгсэн. Саид Моллай уг мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн байна.
МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн билээ. Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй.
Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.
Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирласан байна.
Эх сурвалж: tovch.mn
|