Сая төгрөгийн үнэтэй гар утас олбол 100 мянган төгрөгийн шагнал шаардах эрхтэй
Бусдын хийсэн алдаатай гүйлгээ, андуурагдаж ирсэн илгээмж, санамсар болгоомжгүйгээс бусдын гээсэн эд хөрөнгө, сүргээсээ тасарч өөр газар идээшсэн эзэнгүй малыг өөрийн болгон хувьдаа ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг иргэд мэддэггүйгээс болж гэмт хэрэгтэн болох тохиолдлууд цөөнгүй аж.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа мэдээлэл өгөв. Тэрбээр "Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс буюу 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байдаг. Харин энэ гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тухайлбал та 300 мянган төгрөгөөс бага үнийн дүнтэй алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завшсан тохиолдол энэ нь зөрчилд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 8.9-т энэ зөрчлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрийн хуулиар нэмсэн.
Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн бусдын санамсар болгоомжгүйгээс алга болгосон гар утас, хэтэвч зэргийг олбол өмчлөгч буюу тухайн хөрөнгийн эзнээс шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг талууд харилцан тохиролцож тогтооно. Тохиролцож чадаагүй бол гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байхаар хуульчилж өгсөн.
Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн үнэтэй гар утас олж эзэнд нь буцаан олгоод шагналын хэмжээн дээр тохиролцож чадаагүй бол 100 мянган төгрөгийн шагнал шаардах эрхтэй. Мөн эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой болон эзнийг олоход гарсан зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй" гэв.