Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгааг шалгажээ

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

Эргэлт.мн сайтад 2021 оны наймдугаар сарын 19-нд гарсан “Авлигад амташсан Сэлэнгэ аймгийн прокурорууд алтны хэргүүдийг хааж эхэлсэн үү” нийтлэлтэй холбогдуулан УЕПГ-аас ажлын хэсэг гарч Сэлэнгэ аймагт ажилласан байна. Энэ талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Энэрэлээс тодрууллаа.

-Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хийсэн хяналт шалгалтын хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

    Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хийсэн шалгалтын гол зорилго нь нийтлэлд дурдсанчлан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийг удаашруулан шалгасан, үндэслэлгүй шийдвэрлэсэн асуудал байгаа эсэх, мөн эрх бүхий албан тушаалтнууд, прокуророос хэрэг, материалыг шийдвэрлэхдээ хувийн сонирхол гаргасан, хууль зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг шалгаж тогтоохоор ажилласан.

          Энэ хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэсэн шийдвэр, гомдол, мэдээлэл, хэргийн шалгах явц байдлыг танилцсан.

          Шалгалтын явцад тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мөрдөн шалгах, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тухайн төрлийн гомдол, мэдээлэл, хэргийг шалгаж шийдвэрлэсэн болон шалган шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар тайлбар, тодруулга авч ажилласан.

-Сэлэнгэ аймагт хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг ямар түвшинд байна вэ? Тус аймгийн прокурорын газраас энэ төрлийн хичнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн бэ?

          -Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хэргийн 18.7 хувь нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нь бусад газруудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг байна.

          Сэлэнгэ аймгийн хэмжээнд хянаж шийдвэрлэсэн гомдол, мэдээлэл, хэргийн 10.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил эзэлж байгаа бол, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 56 хувийг хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон талаарх гомдол, мэдээлэл, хэрэг эзэлж байна.

          2021 оны наймдугаар сарын байдлаар “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн талаарх 54 гомдол, мэдээлэл, 67 хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 мөрдөн байцаалтын хэрэг шалгагдсанаас зургаан гомдол, мэдээлэл, 18 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 12 хэргийг шүүхэд шилжүүлж, одоо 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

          Зөрчлийн тухай хуульд заасан “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл шалгаснаас долоод нь зөрчлийн хэрэг нээж, найман гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

          Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн улмаас учирсан 443.7 сая төгрөгийн хохирлоос 31.5 сая төгрөгийг хэрэг шалгах явцад нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33 төрлийн 533.1 сая төгрөгийн техник хэрэгслийг битүүмжилсэн байна.

-Шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?

          -Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2021 оны наймдугаар сарын  байдлаар “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан зургаан гомдол, мэдээлэл, мөн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн 18 хэрэг бүртгэлтийн хэргийг хянахад, прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан. Мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулан шалгасан нөхцөл байдал байхгүй байна.

          Манай Олон нийттэй харилцах албанаас хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа мэдээлэл нэг бүрийг бүртгэж, холбогдох хэлтсүүдэд өгч, хэлтсүүд мэдээллийн шинж байдлаас шалтгаалан хариу өгөх, газар дээр нь очиж шалгах ажиллагааг хийдэг.

          Танай сайтад мэдээлэгдсэн “авлига авч алтны хэргүүдийг хааж байна” гэх мэдээлэл тогтоогдоогүй.

          Шалгалтын дүнгээр ийм төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтэд давхар хяналт тавьж ажиллах үүргийг аймгийн прокурорын газрын ерөнхий, орлогч прокурор нарт өгч, шийдвэрлэлтийн талаар улирал бүр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ирүүлж байхаар шийдвэрлэсэн.

          Дахин хэлэхэд иргэд прокурорын хяналттай холбоотой гомдол, мэдээллийг 1800-1919 дугаараар авч байгааг хэлмээр байна.

          Цаашид прокурорын байгууллагаас ганц Сэлэнгэ аймаг биш Улсын хэмжээнд бүртгэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, шийдвэрлэхэд анхаарч, прокурорын газрууд руу мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх, зарим газарт очиж шалгах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630259
0 эможи

keyboard_arrow_up