18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийг илрүүллээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 20 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 32 настай Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.
Энэ дашрамд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн билээ.