ЭМДЕГ: Эмийн үнийн оновчтой зохицуулалт хийхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, ДАХШҮГ-ын дарга Д.Ганцэцэг, ЭЗТСХ-ийн дарга Л.Одончимэг, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн багийн гишүүн Dr. Jeffrey, н.Отгонтуяа нар оролцлсон байна. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Азийн хөгжлий банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол Улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх бөгөөд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар болсон аж.









