Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг “ХАНГАЙ” хотхоны түрээслэгчид “ДАВАРЧ” байна

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Төр засгаас их хотдоо төвлөрч буй ард иргэдээ орон сууцжуулахын тулд томоохон хөтөлбөрүүдийг санаачилж ирсэн байдаг.  Түүний нэг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр. Засгийн газар 2015 онд 248 тоот тогтоолоор тус хөтөлбөрийг баталж, зорилтот бүлэг хэмээн нэрлэгдсэн хүмүүсийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулжээ. 

Энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртсэн хүмүүс бол зорилтот бүлэг хэмээн нэрлэгдсэн хүмүүсийн дөнгөж 10 хувь нь гэхэд хилсдэхгүй. Өдрөөс өдөрт тэлж байгаа гэр хорооллыг зорилтот бүлгийнхэн эзэлж байгаа нь худлаа биш. Гэтэл төр засгаас олгож буй энэ сайхан боломжийг эдлэж байгаа тэдгээр хүмүүс хэтийдсэн хүсэлт тавьчихаад, талбай дээр сууж байх юм. 

Тиймээс ч төрийн өмчийн түрээсийн орон сууц буюу “Хангай” хотхон болоод түүний эргэн тойронд байх нийтийн байр, хувиараа түрээсэлж буй орон сууцуудаар явж энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. 

1-2 өрөө байр 700 мянгаас 1.5 сая төгрөгийн түрээстэй  

Зарын сонин аваад “Орон сууц хөлслүүлнэ” гэх булангийн “1 өрөө байр” гэсэн хэсгийн заруудыг харлаа. “Замын цагдаагийн газрын зүүн талд “Үйлдвэрчин” хотхонд 1 өрөө цэвэрхэн байр хөлслүүлнэ. Төлбөрийг 10 сараар нь авна”, “1 өрөө байр хөлслүүлнэ. Төлбөрийг сар сард нь авна. Бүх урсгал зардал орсон. UBS телевизийн баруун талд. Сарын төлбөр 450 мянга авна. Вакцины 2 тунгаа хийлгэсэн байх”, “Сансарт КТМС-ийн баруун талд байрлах байрны 1 давхарт 27мкв 1 өрөө хөлслүүлнэ. Төлбөрийг бөөнд нь авна. Сарын төлбөр 500 мянган төгрөг. Барьцаа 350 мянган төгрөг” гэсэн зарууд үргэлжилнэ. 

“2 өрөө байр” гэсэн хэсгийг харвал байршлаасаа мөн тавилгатай эсэхээсээ хамаараад сарын түрээс нь 800 мянгаас 2.5 сая төгрөгийн хооронд байна. “Баянгол зочид буудлын хажууд засвар хийсэн, цэвэрхэн, хагас тавилгатай, гал тогоо тусдаа 2 өрөө байр яаралтай хөлслүүлнэ. Төлбөрийг жилээр авна”, “Хотын төвд байрлалтай, үйлчилгээний төвүүдтэй ойр, орчны үзэгдэх байдал сайн, хагас тавилгатай 2 өрөө байрыг ам бүл цөөтэй гэр бүлд урт хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөр 1.3 сая, 3 сараар авна, 1 сарын барьцаатай” гэх мэт зарууд байх ажээ. 

Эдгээрээс гадна олон нийтийн сүлжээгээр ч ийм төрлийн зар харьцангуй их байх юм. Гэвч төлбөрийн нөхцөл нь хэт өндөр байгаа учир хүмүүс түрээслэж чаддаггүй байна. Зайсанд байрлалтай, эсвэл шинэхэн баригдсан байруудын сарын түрээс нэг сая болон түүнээс дээш. Төлбөрийн нөхцөл ч 12 сар дээр тогтоод байгаа. Тэгэхээр төлбөрөө бүтэн өгөх хүн дор хаяж 12 сая төгрөг төлж байж байр түрээсэлнэ гэсэн үг юм. 

Нийтийн байрны 12-18м2 өрөөний үнэ 300 мянга

Нийслэлд борооны дараах мөөг шиг олширч байгаа зүйлийн нэг гэвэл яах аргагүй нийтийн байр. Гудамж талбайн булан тохой, зарын сонин, автобусны буудал дээр “Нийтийн байранд өрөө хөлслүүлнэ” гэсэн зар олонтаа харагдах болжээ. Жижигхэн хашаанд байрных нь үүд хашааны хаалганд бараг тулчихсан, нийтийн жорлонтой, муу усны үнэр хамар цоргисон орчин гэр хорооллын энд тэндгүй таарна. Иймэрхүү байрны сарын түрээс нь 150-200 мянган төгрөг гэнэ. Харин орчин нөхцөл нь арай цэмцгэр, тоглоомын талбай, хашаа хороо нь зай талбайтай 4-5 давхар нийтийн байрнууд сүүлийн үед нэмэгдэх болжээ. Тэгэхдээ тэдний сарын түрээсийн төлбөр 300-450 мянган төгрөг байдаг ажээ. 

Манай сурвалжлах багийн хамгийн түрүүнд очсон газар бол олны нэрлэж заншсанаар “Цагаан байр”. Баянбүрдийн тойргийн дөнгөж архан талд байрлах 4 давхар улаан тоосгон гурван байр байна. Тус байрны нэг дээр нь “Өрөө түрээслүүлнэ. Утас:..........” гэсэн зар өлгөөтэй харагдана. Харин эргэн тойронд нь нэг ч хүн харагдахгүй хэр нь дотроо их л шуугиантай байх аж. Тус байрны 1 давхарт 10 айл амьдрах бөгөөд тэд дундаа нэг ариун цэврийн өрөөтэй байв. 10 айл буюу 40-50 хүн дундаа нэг ариун цэврийн өрөөг ашиглахаар ахуйн бохирдол ямар байх нь ойлгомжтой. Ариутгалын талаар яриад ч хэрэггүй. Үүнээс гадна коронавируст цар тахлын үед энэ нь  байж болохгүй зүйл гэдгийг ч хэлэх иргэн тааралдаж байв. Ингээд байрны түрээслэгч рүү залгахад халамцуу эр утсаа аваад, “Нийтийн байрны нэг өрөө 15мкв, сарын түрээс нь 300 мянган төгрөг. 6 сараар төлбөрөө авна. Ирээд үз” гэж хэлээд утсаа таслав. Уг байрыг түрээслэгчид тэгэхээр өрөөнийхөө 1мкв-ыг 20 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. 

Бидний очсон байрнуудын цаахан талд ягаан өнгөтэй 5 давхар нийтийн байр байв. Тоосгон байшингуудыг бодвол өнгө үзэмж сайтай ч очих зам нь хэцүү ажээ. Түрээслэгч иргэд яриа өгөхөөс татгалзсан учраас мөн л байрны эзэн рүү утас цохив. Тус байрны эзэн “Сарын түрээс 270-300 мянган төгрөг, барьцаа гэж 150 мянган төгрөг авна. Өрөөний хэмжээ 12-18мкв, манайх бусад байрыг бодвол төвийн шугамд холбогдсон” гэж тайлбарлав. Тэгэхээр энэ байрны түрээслэгчид мөн л 1мкв талбайг 17 мянган төгрөгөөр түрээсэлдэг болж таарав. 

Ерөнхийдөө гэр хорооллын дунд байрлах нийтийн байр нь дотроо 5-10 өрөөтэй бөгөөд өрөө нь 3х4 харьцаатай. Өрөөний дотоод байдалтай танилцах гэсэн боловч ихэнх өрөөнүүд нь цоожтой түрээслүүлэгч нь гарч ирээгүй юм. Нийтийн гэж нэрлэгдэх энэхүү байрны нэг өрөөнд дунджаар 1-4 хүн амьдардаг аж. Гэрэл, цахилгааны асуудал нэлээд хүнд, зарим цахилгааны утас нь ил харагдаж байлаа. Иймэрхүү нийтийн байрыг ихэвчлэн залуу гэр бүл, орлого муутай хүмүүс хөлсөлдөг ажээ. Зарим хүмүүс өнгөрсөн жилээс түрээсийн байрны үнэ огцом өссөн, бас архи их уудаг, зодоон цохион хийж, ер нь амьдрахад тав тухгүй гэдгийг ч хэлж байсан юм. 

Эдгээр нийтийн байруудын дийлэнх нь зөөврийн устай, гаднаа модон жорлонтой байх агаад зарим нь байранд архидсан тохиолдолд төлбөр буцаахгүй шууд гаргадаг журамтай байх ажээ. 

Хажуу өрөө буюу “халаасны өрөө”-ний ханш мөн л 250-450 мянган төгрөг

Нийтийн байрыг бодвол арай тохилог нь хажуу өрөө буюу бидний нэрлэж заншсанаар “Халаасны өрөө”. Тэгвэл хажуу өрөөний сарын түрээсийн ханш мөн л 250-450 мянган төгрөгийн хооронд байдаг юм байна. Хажуу өрөө бол тухайн айлын нэг өрөөг түрээслэх гэсэн үг. Айлын хажуу өрөөнд амьдарч байгаа хүн түрээсийн төлбөрөө төлөөд байхаас биш тү­рээ­сийн төлбөрөө төлчихсөн гээд ту­хайн өрөөгөө өөрийн эзэмшлийнх бол­гож чадахгүй. Нийтийн байр, 1-2 өрөө байр түрээсэлсэн ч тухайн бай­рыг өөрийн болгоно гэсэн ойлголт байхгүй. 

Гэтэл хотын төвийн А бүсэд байрладаг “Хангай” хотхоны байрнууд 27-41 м2 талбайтай, 1-2 өрөө байрнууд байгаа юм. Эдгээр байрыг түрээсэлдэг иргэд 1мкв талбайн үнэд ердөө 6000 төгрөг л төлдөг. Энэ бол төрөөс тогтоож өгсөн үнэ. Тэгэхээр хамгийн том буюу 41 мкв талбайтай 2 өрөө байрыг иргэд ердөө 250 мянган төгрөгөөр л түрээсэлдэг гэсэн үг.  

Гэтэл тэд энэ мөнгөө байрны урьдчилгаанд тооцуулна гэсэн шаардлага тавиад талбай дээр суугаад байгаа нь үнэхээр ойлгомжгүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийтийн байр, 1-2 өрөө байр, бүр хажуу өрөө түрээсэлж байгаа хүн түрээсийн төлбөрөө төлж байсан гээд тухайн байрны урьдчилгааг төлчихөөд өөрийн болгох гэж байгаатай агаар нэг юм. 

Тиймээс л төрийн өмчийн түрээсийн орон сууцад амьдарч байгаа хүмүүс буюу “Хангай” хотхоныхон даварч байна гэж хэлэхэд буруудахгүй. Орон сууцтай болох хүн бүрийн мөрөөдөл болсон өнөө цагт тэдгээр иргэдийн энэхүү үйлдэл зүй ёсноос гажууд үйлдэл гэдгийг иргэд хэлж байгаа бөгөөд хэрэв үнэхээр ийм хямдхан байранд түрээсийн төлбөрөө төлөөд амьдарч чадахгүй байгаа бол гараад дараагийн хүндээ боломж олгох хэрэгтэй гэсэн хүн олон таарч байлаа. 

Үнэн хэрэгтээ төрийн өмчийн түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтээ өгсөн 20 гаруй мянган иргэн бий. Нэг өрхийг нэг хүн төлөөлж байгаа гэхээр ард нь 4-5 хүн байгаа гэж тооцоход 100 гаруй мянган иргэн төрийн өмчийн түрээсийн орон сууцад орохоор хүлээлт үүсээд байгааг салбарын сайд нь хэлж байсан. Мөн өнөөдөр төрийн өмчийн түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн шаардлагыг биелүүлж, хүсээд байгаа халамжийг нь олгобол 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орохыг ч хэлсэн. Угтаа бол тэр 100 гаруй тэрбум төгрөгөөр дараа дараагийн түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлт үүсгээд байгаа 20 мянган өрхийн 2000-3000 өрхийг орон сууцад оруулах боломж бүрдэх юм. Тиймээс л төрийн өмчийг үнэгүй гэж ойлголгүй, түрээслэгч иргэд гэрээний үүргээ биелүүлэх нь олон мянган өрхөд хэрэгтэй байгаа нь харагдаж байна. 

Ямартай ч, Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаас өмнөх Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж ажиллах чиглэл өгч, “ТОСК” ТӨХХК болон түрээслэгч иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулжээ. Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлэсэн байна. Тэгэхээр төрийн өмчийн байранд 6000 төгрөгийн түрээсээр амьдарч байгаа иргэд цаашид энэ үнээрээ түрээслэх боломжийг төр засаг олгожээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин 

2021 оны наймдугаар сарын 17. Мягмар. №096 (5501)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
630111
10 эможи

Зочин
2021-08-27 16:19
Төрийн өмчит орон сууцаар төр юу хийхгээд байгаан түрээсийн мөнгөө нэмээд ард иргэддээ өмчилж өгөөч төрийн өмчит нэрэн доор мөнгө саагаад сууж байгаа юм шүү
ХӨЛСЛӨГЧ
2021-08-24 20:24
АНХНААСАА ЯААХ ГЭЖ БИДНИЙГ ГУЙЖ ХӨЛСЛҮҮЛСЭН ЮМ БЭ ХОХЬ ЧИНЬ!!!
Зочин
2021-08-24 13:19
Даварсан гарууд байх юм аа бусдыгаа бодвол харьцангуй бага төлбөрөөр амьдарч байгаагаа мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Чадахгүй гээд байгаа юм бол дараагийн айлууд нь байна гээд бгаа юм биш үү .
keyboard_arrow_up