С.Баярцогтод хилийн хориг тавьж, БАТЛАН ДААЛТАД гаргалаа
Өнгөрсөн долоодугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны Дугаар 03 тоот тогтоолоор С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Прокуророос яллагдагч С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх талаар саналаа шүүхэд ирүүлээгүй байна.
Яллагдагч С.Баярцогтын өмгөөлөгчөөс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2021 оны наймдугаар сарын 20-ний өдөр хянан хэлэлцээд уг хүсэлтийг хангаж С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн яллагдагч С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.