144 иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2.200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн долоо, наймдугаар хороо, баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа есдүгээр хороотой хиллэдэг. 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн.
Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байна. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ.