ШУУРХАЙ: С.Баярцогтыг суллажээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр сулласан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн сарын 19-ны өдөр /2021.07.19/-т хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Уг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байна. Өмнө нь уг хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан. Прокуророос С.Баярцогтод ял тулгасан, яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг өмгөөлөгчид ярьж байсан. Өнөөдрийн хуралдаанаас өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож болно. С.Баярцогтын хэргийг тусгаарласан” гэж мэдэгдсэн.
С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч, түүний цагдан хориог нь цуцлаагүй бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан юм. Учир нь Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогтод холбогдох хэргийг хэлэлцээд, түүнд 4,8 жилийн хорих ял оноогоод байсан тул тэрээр Дархан-Уул аймагт байрлах хорих ангид хоригдож байсан билээ.