Х. НАРАНБААТАР: Олон нийтийн сүлжээг ашиглан хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гарч байна
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Наранбаатартай цаг үеийн нөхцөл байдлын талаар товч ярилцлаа.
Таны амрыг эрье. Цахим орчин хөгжсөн энэ цаг үед олон нийтийн сүлжээгээр цагдаа, дотоодын цэргийн албаны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай холбоотой сөрөг мэдээ, мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
Цагдаагийн байгууллагын зүгээс алба хаагч болон үйл ажиллагаатайгаа холбоотой санал, шүүмжлэлийг хүлээн авч тухай бүр үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед иргэдээс цагдаагийн байгууллага, алба хаагч, түүний үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цахим орчинд нийтэлж байна.
Зарим мэдээ, мэдээлэл нь илт гүтгэлгийн шинжтэй, хуурамч, зохион байгуулалттай байгаа нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого ч гарч байна.
Тухайлбал, Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний валютыг Монгол Улсаар дамжуулан гадаадын улс орон руу шилжүүлж, татвар төлөхөөс зайлсхийх мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулах, нөлөөлөх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр илт худал мэдээлэл нийтлүүлсэн үйлдэл хэд хэдэн удаа гарсан.
Мөн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн алба хаагч мотоциклтой жолоочийн биед халдаж, зүй бусаар харьцан 200 мянган төгрөг нэхсэн” гэх мэдээлэл энэ оны 06 дугаар сарын 20-ны өдөр цацагдсан. Гэтэл иргэн Д нь улсын дугааргүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан бөгөөд дээр дурдсан мэдээлэл нь албаны шалгалтаар худал болох нь тогтоогдсон. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэсэн оролдлого гэж үзэхээр байгаа юм.
Цахим орчинд “32-ын тойргийн хажууд байрлах энэ байшин Монголд байдаг Хятадуудын боссууд амьдардаг. Өдөр бүр цагдаа нар хамгаалалтад гардаг. Дээд хоёр давхарт том хурлын заал бүжиг цэнгээн мөрийтэй тоглоом болдог газар” гэх мэдээллийг шалгахад мөн л худал мэдээлэл худал болох нь тогтоогдсон. Бодит байдал дээр цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад очсон үеийн зураг байсан.
Тиймээс цахим орчин, олон нийтийн сүлжээ хөгжсөн энэ үед таны нийтэлсэн болон цааш түгээсэн мэдээ, мэдээллийг олон нийт, өсвөр насны хүүхдүүд шууд хүлээн авах магадлал өндөр тул худал мэдээлэл тараах, байгууллага, алба хаагчийн нэр хүндэд халдах, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хүсэж байна.
Илт албаны нэр хүндэд халдсан, албан үүргээ гүйцэтгэж буй алба хаагчийг гүтгэсэн мэдээ, мэдээлэл цөөнгүй гарч байна шүү дээ. Энэ талаарх таны бодол?
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг хэдий ч энэхүү эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх, гэмт хэрэг, зөрчил, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл нийтлэх, цааш түгээхдээ тухайн мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлан, шаардлагатай тохиолдолд эрх бүхий нэгж, албан хаагчаас тодруулах, албаны эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн мэдээ, мэдээллийг түгээх нь бусад иргэд үнэн зөв мэдээлэл авах, бусдын нэр хүндэд халдахаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аливаа эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Иргэд байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой санал, хүсэлтийг хэрхэн өгөх боломжтой вэ?
Цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, алба хаагчдаас гаргаж байгаа сахилга, ёс зүйн зөрчил, хууль бус үйл ажиллагаатай эвлэрэхгүй байж энэ төрлийн зөрчилд тухай бүр хариуцлага тооцон ажиллаж ирсэн.
Цагдаагийн байгууллага нь 126 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, байгууллага, алба хаагч, үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээж авч, шалган шийдвэрлэж хариу өгдөг.
Иргэдээс алба хаагчийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээд нийтлэхээс урьтан албан ёсны буюу дээр дурдсан 126 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
Цагдаагийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн дэмжлэг, туслалцаа чухал байр суурь эзэлдэг. Байгууллагын зүгээс Та бүгдийн өгсөн үнэн бодитой мэдээ, мэдээлэл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэж, хариу өгөх ба амар тайван амьдралын төлөө иргэний үүргээ ухамсарлан хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.