С.Булгантамир: Иргэд “Байрны гадаа ногоо зарж, бохирдуулж байна” хэмээн гомдол мэдүүлдэг
Сүүлийн өдрүүдэд ургацаа хураасан ногоочдыг цагдаагийн алба хаагчид шаардлага тавин хөөж, худалдаа эрхлэх боломжийг нь боогдуулж байна гэх шүүмжлэл цахим орчноор их буй. Энэ асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир:
“Улаанбаатар хотод “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Энэ хүрээнд Нийслэлд 23 цэг дээр ногоо худалдаалах юм. Сүүлийн үед ногоочдыг ногоогоо зарахыг нь цагдаа нар хориглож байна гэх мэдээлэл гарсан. Энэ бол УБТЗ ХНН-ийн эзэмшил бүхий 1000 машины зогсоол дээр гарсан үл ойлголцол. Тухайн үед УБТЗ-аас талбайдаа ногоо худалдаалах зөвшөөрөл өгөөгүй байсан. Үүн дээр үл ойлголцол үүссэн. Дараа нь асуудлыг Нийслэлийн Захирагчийн албанаас шийдэж, одоо ногоочид тэнд худалдаагаа эрхэлж байна. Түүнчлэн иргэдээс ногоочид зохих зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй тухай мэдээлэл ирдэг. Энэ дагуу цагдаа нар хяналт тавьдаг. Зөвшөөрөгдсөн цэг дээр худалдаа эрхэлж байхад нь хааж, боох асуудал байхгүй. Иргэдээс манай орчин тойронд ногоо худалдаалж, бохирдуулж байна гэх гомдол их ирдэг. Энэ дагуу л ажилладаг. Одоогийн байдлаар ногоочдод арга хэмжээ авсан зүйл байхгүй” гэжээ.