ЦЕГ: Долоо хоногийн тойм
Энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
“Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.police.gov.mn сайтаас авна уу.
Эрүүгийн цагдаагийн алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төв хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эмээлт” орчимд 118 хяналтын камер суурилууллаа
Эрүүгийн цагдаагийн алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төв хамтран мал хулгайлах гэмт хэрэг болон зам тээврийн осол, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж буй малын гаралтай түүхий эд худалдан авах, борлуулах газруудад 118 ширхэг хяналтын камерыг суурилуулан, Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбож, хяналт тавин ажиллаж байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс “Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх” практик сургалт, тэмцээнийг зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь тус дүүргийн прокурорын газартай хамтран “Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх” практик сургалт, тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг цагдаагийн алба хаагчийн онолын мэдлэгийг бодит амьдралд тулгуурласан дадлага сургалттай хослуулан явуулснаараа онцлог болсон. Ингэснээр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд очиж шийдвэрлэдэг эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа, хороо хариуцсан цагдаа зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлж, алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа алдаа гаргахгүй байх, ажлын туршлага хуримтлуулахад илүү дөхөм болж байгаа юм.
Булган аймаг дахь цагдаагийн газар Мэдээлэх самбар байршууллаа
Тус аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Орон нутгийн зам Хөдөлгөөний соёл-2021" нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд ихээр зорчдог шороон зам дагуу 8-н байршилд мэдээлэх тэмдэг хийж байршууллаа. Иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Дундговь аймаг дахь цагдаагийн газар “Хөршийн хяналт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа
Тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Гэр бүлийн хүчирхийлэл түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 07-р сарын 29-өөс 08-р сарын 06-ны хооронд "Хөршийн хяналт" тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Мөн иргэдэд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх утасны дугаар бүхий зурагт хуудсыг хүргэж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллалаа.
Увс аймаг дахь Цагдаагийн газар "Ятгах тусам нягтал-2021", "Согтуу" зэрэг аяныг зохион байгуулж байна
"Ятгах тусам нягтал-2021" арга хэмжээний хүрээнд тус аймгийн төв Улаангом сумын иргэдийн хөдөлгөөн ихтэй гудамж талбай, олон нийтийн газруудад алба хаагчид ажиллаж залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл танилцуулж, гарын авлага тараан арга хэмжээнд иргэдийг хамруулан ажиллалаа. Мөн тус аймаг дахь цагдаагийн газар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид хамтран Баруун бүсийн морин уралдаан болох гэж буйтай холбогдуулан Жаргалант сумын нутаг дэвсгэрт "Согтуу" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо хамгийн чухал.