П. ОРОСТОГОО: Бид иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байх ёстой

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоотой цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас удирдлагын манлайлал, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах”, “Үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах” гэсэн зорилтыг дэвшүүлэн, ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын “2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны болон ахлагч бүрэлдэхүүний 2021 оны цахим сургалт, зөвлөгөөнийг анх удаа амжилттай зохион байгуулж, анги, байгууллагын 54 байршлаас 512 удирдах ажилтан, 2688 ахлагч бүрэлдэхүүнийг тус сургалтад хамруулсан. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан дэвших мерит зарчмыг баримтлан шийдвэр гаргаж байна. Төрийн алба шударга ёс, хууль дээдлэх зарчмаар явж, хөгжин дэвжих учиртай.

-Үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах гэсэн бас нэг чухал зорилт дэвшүүлсэн юм байна шүү дээ. Ковидын үед технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглаж, хурдан шуурхай байна гэдэг бас нэг шинэ сорилт болж байх шиг байна?

-Тийм шүү. Дэлхий нийтээрээ цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан мэдээллийн технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэж байгаа энэ үед цагдаагийн байгууллага ч гэсэн үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологийг ашиглан алба хаагч, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг байнга хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал, Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор цагдаагийн байгууллагаас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багтай хамтран “T-21” систем, динамикийн загварчлалыг боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай хүргэж, мэдээллийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр “Е-Mongolia” нэгдсэн системээр дамжуулан 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагын хүрээнд цагдаагийн байгууллагаас “Moodle” программыг шинээр боловсруулан төрийн тусгай албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, тэнцсэн 470 иргэнийг цахим сургалтад хамруулан хүний нөөцөө бүрдүүлж байгаа зэргээр дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна.

-Цагдаагийн байгууллага чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Чадварлаг байхаас гадна хүнлэг байх шалгуур бий юү?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 10 мянга гаруй алба хаагчдын 60.7 хувь нь бакалавр, 18.1 хувь нь магистр болон докторын зэрэгтэй алба хаагчид байна. Бид алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дотоод болон гадаадын их дээд сургууль, академид мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжлээр сургахад тогтмол анхаарч ирсэн. Тухайлбал, жил бүр Дотоод хэргийн их сургуульд ойролцоогоор 350 алба хаагч бэлтгэхээс гадна АНУ, ОХУ, БНСУ, БНТУ, БНУУ, БНХАУ, Австрали зэрэг олон улсын академи, их, дээд сургуульд жилд дунджаар 100 гаруй алба хаагчийг бакалавр, магистр, доктор, адъюнктур удирдлагын магистрын сургалтад суралцуулж байна. Мөн өндөр хөгжилтэй улс орнуудад “Үндэстэн дамнасан гэмт хэрэг”, “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх”, “Кибер, цахим гэмт хэрэгтэй тэмцэх”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх”, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх” зэрэг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад алба хаагчдыг хамруулахын зэрэгцээ АНУ-ын холбооны мөрдөх товчоо болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас сургагч багш нарыг урьж давтан, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник технологи, ололт амжилтын талаарх туршлага, шинэлэг санал санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид алба хаагчдаа мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийн мэдрэмжтэй байх асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Бид чинь дүрэмт хувцастай бол төрийн хүн, дүрэмт хувцсаа тайлсан үедээ жирийн нэг аав, ээж, хэн нэгний энхрий хайртай хүү охин, ах дүү, амраг хань л байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид байх ёстой шалгуурын нэг бол хүн чанар, хүнтэй хүн ёсоор харьцах, хүнлэг энэрэнгүй зан чанар юм л даа. Хэдийгээр энэ шалгуур үзүүлэлтийг шууд хэмжиж тогтоох боломжгүй ч гэлээ бид харилцаа, хандлагаа өөрчилж, аль болох иргэн төвтэй, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, ёс зүй, сахилга, хариуцлага өндөртэй алба хаагчдыг бэлтгэхээр зорьж байна. Тийм ч учраас хүний эрхийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчдынхаа зан харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч сэтгэл зүйн засал хийх зэргээр энэ чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа. Цагдаагийн үйл ажиллагааг чанартай, соёлтой, түргэн шуурхай хүргэх,иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг, иргэний хяналтад тулгуурлан хөгжүүлэхийн тулд үнэт зүйл болсон алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, харилцааны соёлыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

-Манай улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачааллыг олон улсын түвшинтэй харьцуулахад хэд дахин өндөр байдаг шүү дээ. Хэт их ачаалалтай ажиллаж байгаа нь алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйд нөлөөлөх боломжтой юу?

-Дэлхийн жишигтэй харьцуулахад манай улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачаалал өндөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хүний эрхийн үндэсний комиссын 2015 оны 14 дүгээр илтгэлд хүртэл цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байгаа талаар дурдсан байдаг. Цагдаагийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, алба хаагчдын ачаалал өндөр байгаа асуудлыг төр засгийн удирдлагууд хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн байгууллагад 650 орон тоо, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр криминологи судалгаа, сүүлийн үед үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдалд үндэслэн “Шөнийн эргүүлийн хэлтэс”, “Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс”-ийг байгуулсан. Мөн иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан, өндөр ачаалалтай ажилладаг хэсгийн байцаагч, замын цагдаагийн зохицуулагч нарын орон тоог нэмэгдүүлснээр цагдаагийн ажил, үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж бүрдээд байна.

Хүний нөөцийг оновчтой зөв байршуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байна.

-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

-Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол, хүсэлт нэлээд ирүүлдэг. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчтай холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгч байна. Олон улсад хийсэн судалгаагаар хамгийн их ачаалалтай, ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг таван мэргэжлийн нэгээр цагдаагийн албыг нэрлэсэн. Түүнчлэн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн 65 улсад явуулсан судалгаагаар цагдаагийн алба хаагчийн гэр бүл нь бусад төрөл мэргэжлийн гэр бүлээс илүү тогтворгүй, салалт өндөртэй байгааг тодруулж, гишүүн улс орнуудад цагдаагийн алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад анхаарах шаардлагатайг сануулсан байдаг. Дээр дурдсанчлан цагдаагийн байгууллага 10000 гаруй алба хаагчтай. Алба хаагчдын маань 85.6 хувь нь 20-35 насны залуучууд байдаг. Сургуулийн ширээнээс шууд нийгмийн харилцаанд оролцдог. Алдах онох зүйл гарч байгаа. Тэр болгон дээр нь зааж, зөвлөх, ажлын байранд нь сурган дадлагажуулах, дасан зохицох, зөв дадал, хэвшлийг эзэмшүүлэх, сахилга, ёс зүйг төлөвшүүлэхэд ахмад, дунд залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх, уламжлал-шинэчлэлийг хослуулах чиглэлээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллага төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд нийгмийг эмчлэгч эмч гэж ойлгодог. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн онцлог нь ажлын байрны стресс депрестт их өртдөг, нийгмийн голдуу сүүдэртэй талд нь явдаг. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийж цагдаагийн байгууллагын бүтцэд Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсэг байгуулснаас хойш нийт алба хаагчдын 20 хувь буюу 2300 орчим алба хаагчаас сэтгэл зүйн суурь судалгаануудыг авч, тэдний сэтгэл зүйн бэлтгэлжилт, харилцааны ур чадвар, стрессийг даван туулах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Алба хаагчдыг сахилга, ёс зүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бие биедээ зарчимч шаардлага тавьж, бүтээлч, шинэлэг санал, санаачилгыг дэмжих, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын тоог бууруулах зорилгоор “Өнгө нэмцгээе-2020”, “Хувь хүний төлөвшил”, “Хорт зуршил-Эрүүл бие”, “Хуульч ажиллагаа”, “Харилцаа-Хандлага”, “Хариуцлагатай алба хаагч”, “Үлгэрлэл, манлайлал” зэрэг аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар сахилгын зөрчил 27.7 хувиар буурсан үр дүнтэй байгаа.

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор манай улсад хэд хэдэн удаа хэсэгчилсэн болон бүх нийтийн хөл хорио тогтоосон. Энэ үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсэн нь цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс харагдаж байна. Дээр дурдсан 650 алба хаагчаас хэд нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажиллахаар томилогдсон бэ?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо өссөн. Тиймээс Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчийн орон тоог олон улсын жишигт нийцүүлэн 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч байхаар тогтоолгон, дээр дурдсан 650 орон тооноос хүүхдийн байцаагчаар 103 орон тоог шийдвэрлүүлснээр насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдээ гэмт үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх, татгалзуулах ялангуяа Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудаа гэнэн томоогүй зангаар хөл алдах вий, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох вий хэмээн аав ээжээс нь дутахгүй санаа зовдог. Хүүхэд аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдоно гэдэг бол асран хамгаалагчид, эцэг эхчүүд, томчууд биднээс шууд хамааралтай байдаг. Тэд эрх зүйн чадвар, чадамжгүй, аливаа шийдвэр гаргахдаа бүрэн төлөвшөөгүй байдаг учраас бие даасан иргэн болж төлөвших хүртэл эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлагын асуудал яалт ч үгүй яригдана.

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ хэр өгч байна?

-Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 800 орчим хуулиас Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг 110 гаруй хууль, дээр нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоол, захирамж гээд 153 эрх зүйн актуудыг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.Цагдаагийн байгууллага иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, болгоомжлуулах үүднээс цагдаа “Иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байх ёстой” гэж үздэг. Бид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ”, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2020”, “Сүүдэр бүү тусга”, “Хайр өвтгөдөггүй”, “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая”,“Мөрөөдлийн шүхэр”, “Түлхүүр”, “Тэнэмэл”, “Эко-2021”, “Нөхөн сэргээлт-2024”, “Зэрлэг амьтдаа хайрлая” “Ирээдүйгээ хамгаалъя” зэрэг аян, арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулснаар сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт 11.4-25 хувиар буурч, илрүүлэлт 0.8-8.5 нэгжээр өсч, иргэд, олон нийтийн талархлыг хүлээсэн нь алба хаагчдын маань хичээл зүтгэлтэй холбоотой юм.

-Эх орон, ард түмнийхээ төлөө төрдөө тангараг өргөсөн гэдгээрээ сайн, муу бүх зүйлд цагдаагийн алба хаагчид гомдоллох эрхгүй, хамгийн түрүүнд ажиллаж байдаг. Алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байгаад бид бүхэн баяртай байдаг.

Сүүлийн жилүүдэд Мөрдөн байцаах алба, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн конторын 25, сум дахь хэсгийн төлөөлөгчийн байр (кобан) 329, замын хөдөлгөөний хяналтын постын 61 барилга, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчийн байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт “Бэлтгэлжилтийн танхим”-ыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулснаар сүүлийн 20 жилийн хугацаанд тус агентлагийн хэмжээний барилга байгууламжийн 90 орчим хувийг шинэчилсэн.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр “Цагдаа хотхон-Амгалан" 780 айлын орон сууцны цогцолбор хорооллын дөрөвдүгээр ээлжийн 240 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдад 7.9 тэрбум төгрөг олгосон.Түүнчлэн бид батлагдсан төсөвтөө багтаан бие бүрэлдэхүүнээ үндсэн цалингийн 20 хувиар урамшуулан, шөнийн ээлжинд эргүүл, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хоногийн хоолны зардлыг нэг дахин нэмж 10.000 төгрөг болгон шинэчилсэн.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг анх мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийг цагдаагийн алба хаагч гэдгийг иргэд төдийлөн сайн мэддэггүй байсан болов уу. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед М.Уранцэцэг олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж хамт олныхоо баяр дээр нь баяр нэмлээ шүү дээ?

-Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдын медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэгийг бахдам амжилт гаргасанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн төдийгүй Монголын ард түмэн бахархаж байгааг харахад сайхан байна. Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн тэгш ойн хүрээнд алба хаагч маань олимпийн медаль хүртэж баяр дээр минь баяр нэмсэн сайхан үйл явдал тохиолоо.

Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс анх удаа онцгой гавьяа байгуулсан дөрвөн алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” хэмээх хүндтэй шагналыг хүртсэн бахдам амжилтуудаар бид түүхт 100 жилийн ойгоо угтаж байна. Монгол Улсын Засгийн газраас долдугаар сарын 19-ний өдрийг Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд 100 жилийн ойгоо цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байгаа хэдий ч алба хаагчдынхаа санаачилгаар бүтээн байгуулалтын олон төрлийн ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлээд байна. Тухайлбал, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар алтан амиа өргөсөн 110 алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээж, алба хаагчдынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бидэнд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлье. Ингээд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Хүн, төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдаа-Монгол Улсын амар амгалангийн дархлаа юм” хэмээх сайхан үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
629708
7 эможи

зочин
2021-08-13 21:50
хүн хүч дутагдаж байгаа энэ үед цагдаагаас цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл офицеруудыг ЦЕН дарга тушаал гарган ажиллуулаад урамшуулалын оронд дайчилгааны хуулийн дагуу цол олгоод ажилуулах боломж бүрэн байгаа энэ бол цаг наргүй зүтгэж байгаа боловсон хүчнээ амраах , цэргийн тэтгэвэрт байгаа ахмад ажилтанууд эх орны дуудлагаар ажиллаад цол хэргэмээ ахиулах боломжууд юм
зочин
2021-08-12 09:26
ЦБ хүч хөдөлмөрөа зогиулсан олон сайн ахмадууд байгааттэдний хөдөлмөрийг үнлэж олгоогүй дарсан цол одонгуудыг 100 жилээр нөхөн олгох хэрэгтэй цол олгох журам гэж байгаа байх 4-5 удаа газар хэлтсийн хөдөлмөрийн аваргаиболсон шилдэг мөрдөгч нар цол олгох хугацаа болоод байхад цол олгох местны ажил биш гээд цолыг нь олгоогүй хохироож байсан гэдэг та нар өөрсдөдөөмцол олгож одон олгуулахаасаа өмнө хийсэн ажлыг үнэлэлгүй дарж орхисон ахмадуудадаа над цол одонгуудаа олго
Зочин
2021-08-12 06:05
Мундаг хурандаадаа. Ажилд амжилт хүсэн ерөөе.
иргэн
2021-08-11 21:18
цагдаа алба хаагч нараа нурууг нь автал ажилуулаад уол хэргэмийг нь олгохгүй дарга нэртэй нөхдүүд нь одон зүүж цол нэмээд явдагтай хэнч маргахгүй цолоо ач чадаагүй цэргийн тэтгэвэрт гарсан тэр хүмүүст 100 жилээр нь цолыг нь нөхөж олгох нь зав шүү түүнийг чол джмэих ёстой дэмжээд байхч юмгүй олгох ёстой.
Хүн
2021-08-11 20:38
Алба хаагчдаа нурууг нь амраа цөхөрлөө
Үнэнбор
2021-08-11 19:39
цагдаа шударга ажилдаг алба хаагч 2013 оноос эхлэн элдэв хаагч нараа элдэв шалтаг шалтгаан хэлж ажиллаас гаргаад хов зөөсөн цүнх баригч нараар цагдаад дүүргэсэн !!! цагдаад насаараа ажиллаад авч чадаагүй цол, төрийн одон медалийг одоо ажиллаж байгаа залуус нь бүгд зүүсэн байгаа харагддаг нь бодит үнэн!! цагдаад 25-38 жил ажиллаад гарсан тэр хүмүүст олгосон цолных дараагийн цол олгох хугацаа болоод байхад цолыг нь олгохгүй дарж байсан цагдаагийн удирдлагад байсан нөхдүүд ахмад ажилчдаас уучлал хүсч цолыг нь нөхөн олгох асуудлыг тавьж цол одон медалийг олгох хэрэгтэй
zochin
2021-08-11 18:48
Yu l boldoo. Jinhene shudraga tsagdaa xowor bolson tsag. Tulwal yu ch chadahgvi hernee yamaan omog ni dendsen uls l bdg shd
Зочин
2021-08-11 17:38
Хууль сахиулах хотхонд захиалга өгөөд 6 жил болж байгаа 100 алба хаагчийнхаа орон сууцны асуудлыг хэзээ яаж шийдвэрлэх вэ
Irgen
2021-08-11 14:16
цагдаагийн байгууллага хувцаснаасаа эхлээд шинэчлэгдэх ёстой.хувцас чухал биш хуулийг тэгш мөрдүүдэх л чухал
keyboard_arrow_up