УЕПГ: Эрүүгийн 196 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 2-ноос 7-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 213 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 249 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 3 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 1906 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 196 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.