Д. Батмөнх: Ирэх өвөл, хавар олон мал алсын оторт явуулахгүй байхыг гол бодлогоо болгож байна

2021 оны 8 сарын 05

Arslan.mn

ХХААХҮЯ-наас 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Намар бол хөдөө аж ахуйн салбарын гол ажлууд эхэлдэг чухал цаг үе. Тухайлбал, өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах чиглэлээр ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар 7-р сарын 28-ны өдөр хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолын гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, цаг агаарын эрсдэлийг бууруулах, энэ эрсдэлийг бууруулсны үндсэн дээр бүх талын хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа.  
Энэхүү тогтоолыг боловсруулахад 2020 оны өвөл, 2021 оны өвөл, хаврын цаг агаарын нөлөөлөл мал аж ахуйн салбарт хэрхэн туссаныг сайтар судалж, 2021, 2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажилд бүх талын зохицуулалтын цогц арга хэмжээг тусгасан.  
-Тогтоолд тусгасан гол арга хэмжээнүүдийг тодруулж хэлэхгүй юу?
-Хамгийн эхний ээлжид Монгол Улсын хэмжээнд 2021 онд хэрэгцээлэх малын тоог аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн гаргана. Экспортлох малын төлөвлөгөө, хуваарь зэргийг гаргаж, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрийн газруудтай хамтран ажиллана.
Нөгөө талдаа үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай түүхий эд, малаас гарах бүтээгдэхүүний тооцоолол боловсруулж, тээвэрлэх, анхан шатны боловсруулалт хийх талаар тодорхой төлөвлөгөө гаргаж зохицуулалтын арга хэмжээ авахаар тусгасан.  
-Өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад гол анхаарах зүйл юу байх вэ?
-Өвөлжилтөд ихээхэн нөлөөлдөг их цас, цасан шуурга, цочир хүйтрэлт, хүчтэй салхины талаарх богино болон урт хугацааны төлөв байдлыг тодорхойлж, малчид иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна. Мөн өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллана.  
-Отор нүүдлийн тухайд ямар зохицуулалт хийж байна?
Отроор явах малын талаарх судалгааг сайтар зохион байгуулж, малчид иргэд орон нутагтаа өвөл, хавар ая тухтай байх талын зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгаж байгаа. Манай орны хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй сая толгой мал өөр аймгийн нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар отроор өвөлждөг. Энэ жилийн хувьд энэ тоо хэмжээг багасгаж,  малчид орон нутагтаа ая тухтай өвөлжих, хаваржих ажлыг зохион байгуулна.
-Хадлан бэлтгэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд ямар зохион байгуулалт хийх вэ?
-Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн  бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарна.
Аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцсон.Тухайлбал, энэ жилдээ багтаагаад 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14850 тонн тэжээл бэлтгэхээр тусгасан. Энэ жилийн тухайд бид ногоон тэжээл бэлтгэлийн хэмжээг аймаг орон нутгийн аюулгүйн нөөцөд бэлтгэхээр шинээр тусгаж, оруулж байгаа.
ХХААХҮ-ийн сайд энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд албан даалгавар гаргаж, орон нутгийн холбогдох удирдлагуудтай цахим уулзалт хийх ажлыг ирэх 7 хоногоос зохион байгуулахаар төлөвлөж байна. Орон нутагт энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар зүйлд анхаарах талаар нарийвчилсан чиглэл өгөгдөнө. Энэ ажлын урьтал болгож  З.Мэндсайхан сайд 7-р сарын эхээр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар уулзаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах чиглэл, үүргийг урьдчилан өгсөн.

Өнөөдрийн байдлаар орон нутаг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлаа эхлүүлсэн. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө, анхааруулга, хамтран ажиллах чиглэл, зөвлөмжийг хүргүүлэхээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629504
0 эможи

Зочин
2021-08-05 16:34
хүнээ хориж дийлэхээ байхаар малаа хорисон н дээрдээ
keyboard_arrow_up