УЕПГ: Шинэ нисэх буудал хүртэлх тууш зам дээр гарсан зам тээврийн осол, зөрчилд ТПГ хяналт тавин ажиллаж байна
Тээврийн прокурорын газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх Олон Улсын “Чингис хаан” нисэх буудал хүртэлх тууш зам дээр гарсан зам, тээврийн осол хэрэг, зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тухайн чиглэлийн зам дээр зам тээврийн осол, хэрэг, зөрчил болон бусад болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн талаар харилцан мэдээ, мэдээлэл солилцож байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглалтын үйл ажиллагаанд нь анхаарах, тууш зам дээр замын хөдөлгөөнд оролцох дүрмийн талаарх ойлголт, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.