АМГТГ: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд дээрх нефтийн үнийг барьж, хуулийн хүрээнд хяналт тавьж, ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм" гэлээ.