Д.ЭНХТӨР: Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан суллах 1596 ХҮМҮҮЖИГЧ бий
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг долдугаар сарын 2-нд УИХ баталсан билээ. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа, хэчнээн хүнийг ялаас чөлөөлсөн талаар УЕП-ын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөртэй ярилцлаа.
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хорих ял эдэлж байсан хэчнээн хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамруулж, ялаас чөлөөлөөд байна вэ?
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ долдугаар сарын 2-нд баталсан. Прокурорын байгууллага Өршөөлийн хуульд хамрагдвал зохих, өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангасан 1596 хоригдлыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар дүгнэлт бичиж харьяалах шүүхүүдэд холбогдох материалын хамт шилжүүлжээ. Шүүхээс прокурорын дүгнэлтийн 91.3 хувь буюу 1458-ыг нь шийдвэрлэж,138 (8.7 хувь)-ийг хянаж байна. Долоо дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 4100 гаруй хоригдол хорих ял эдэлж байснаас 34.9 хувь буюу 1458 хүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаад байна. Хоригдлуудыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах ажил бүрэн дуусаагүй.
Хэдэн хүмүүжигчийн ялыг өршөөн хэлтрүүлж суллав. Хэчнээн хоригдлын ялаас хоёр жилийг нь хассан бол?
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар 6.5 хувь буюу 96 хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллажээ. Эл хуулийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар 394 хүмүүжигчийн эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг нь хассан. Дээрх 394 хүний 39.5 хувь буюу 156 хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ял нь хоёр жилээс бага байсан тул сулласан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар 58.7 хувь буюу 856 хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг нь хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хорих ангиас гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан 1458 хоригдлын 75.9 хувь буюу 1108 хүн хорих ангиас суллагдсан гэж хэлж болно.
Хуучнаар хүүхдийн хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас хэчнээн хүмүүжигчийг сулласан бэ?
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны долоон хоригдлын эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хассан. Дээрх долоон хүүхдийн эдлээгүй үлдсэн хорих ял нь хоёр жилээс бага байсан тул сулласан байгаа. Мөн хуулийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны дөрвөн хоригдлын эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шүүх шийдвэрлэжээ.
Өршөөлийн хууль хэрэгжих үед хорих ял эдэлж байсан өсвөр насны 25 хүмүүжигчийн 56 хувь буюу 14 хүүхэд суллагдсан гэж хэлж болно.
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шүүх, цагдаа гээд бусад байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцсон биз дээ?
Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хэд хэдэн ажил хийсэн. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар нэгж прокурорын газруудын дээд шатны прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуроруудад цахим сургалтыг тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийнхэнтэй хамтран зохион байгууллаа. Мөн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах асуудлуудын талаар санал солилцсон. Түүнчлэн хууль хэрэгжсэн өдрөөс эхлэн холбогдох судалгаануудыг нэгж прокурорын газруудаас тухай бүр авч нэгтгэн холбоо, харилцааны хэрэгсэл ашиглан ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа.
Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн иргэдийг ч өршөөхөөр заасан. Тэр дундаа жолоодох эрхээ хасуулсан хүмүүс эрхээ сэргээлгэхээр хүлээгээд байгаа шүү дээ. Зөрчлийн хуульд заасан хэчнээн хүнийг хариуцлагаас чөлөөлөөд байна вэ?
Зөрчлийн хуульд заасан олон хариуцлага бий шүү дээ. Тэдгээрийн нэг нь баривчлах. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагын Баривчлах төв, баривчлах байранд энэ төрлийн шийтгэл хүлээсэн 500 орчим хүн улсын хэмжээнд байгаа талаар судалгаа ирүүлсэн. Үүнээс 2021 оны долдугаар сарын 7-ны байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлага хангасан 418 буюу баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүсийн 87 хувийг нь сулласан байна.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй 54 хүн баривчлах шийтгэлийг эдэлж байгаагийн 46 нь энэ оны зургадугаар сарын 24-ний 00.00 цагаас хойш зөрчил үйлдэж хариуцлага хүлээжээ. Өршөөлд хамруулахаар холбогдох материалыг хүргүүлсэн боловч шүүх хурал болоогүй байх хугацаанд найман хүний баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж, хуулийн үйлчлэлд хамрагдалгүй суллагдсан. Харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн холбогдох заалтуудын улмаас хариуцлага хүлээсэн хүмүүсийн талаарх мэдээллийг хараахан нэгтгэж дуусаагүй учраас одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй нь.
Эрүүгийн хуульд ялын хэд хэдэн төрөл бий. Эрх хасах, зорчих эрх хязгаарлах гэх мэт хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэрхэн хамруулж байгаа бол?
Прокурорын байгууллагаас долдугаар сарын 19-ний байдлаар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3800 гаруй ялтанд хяналт тавьсан байна. Тэдний 1804 нь 6.4 тэрбум төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. 560 нь нийлээд 228 661 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял сонссон, 27 нь зорчих эрхийг хязгаарлах, 1424-т нь эрх хасах ял оноожээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан шүүхээс оноосон үндсэн болон нэмэгдэл ялыг нь бүрэн өршөөх 2200 орчим хүн хяналтад байгаа. Үүнд, 2.8 тэрбум төгрөгийн торгох ял эдэлж байсан 1142, нийтэд тустай 147 185 цагийн ажил хийлгэх ялтай 445, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 22, эрх хасах ял сонссон 577 хүн бий. Тэднээс торгох ял шийтгүүлсэн 2.6 тэрбум төгрөгийн ялтай 1055, нийтэд тустай 120 522 цагийн ажил хийх ял шийтгүүлсэн 387, зорчих эрхийг хязгаарлах ял сонссон 22, эрх хасах ял эдэлж байсан 505 гээд нийт 1969 ялтан буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдвал зохих ялтны 89.6 хувьд нь прокурор дүгнэлт бичиж, 1613 ялтны хувийн хэрэг, материалыг шүүхэд шилжүүлжээ. Шүүх 155.1 сая төгрөгийн торгох ял эдэлж байсан 151, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 38, зорчих эрхийг хязгаарлах ял сонссон хоёр, эрх хасах ял эдэлж буй 82 гээд нийтдээ 280 хүний ялыг бүрэн өршөөсөн. Харин өдгөө шүүхийн шатанд 1333 ялтны материалыг хянаж байна.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.4 дэх хэсэгт хамруулж торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас дүйцүүлэн хасахаар 1.6 тэрбум төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн 275 ялтан, 5528 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай 21 гээд 296 ялтан бий. Үүнээс торгох ялаар шийтгүүлсэн 253 ялтны 1.4 тэрбум төгрөгийн ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 21 ялтны 4288 цагийн ялыг дээрх хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр буюу хоёр жилийн хорих ялын хэмжээгээр дүйцүүлэн хасахаар дүгнэлт бичсэн. Энэ нь хамруулбал зохих ялтны 90.8 хувь нь. Прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлснээс шүүх торгох ял шийтгүүлсэн 32 ялтны 257 сая төгрөгийн ялыг дүйцүүлэн өршөөн хассан байгаа.
Тэнсэн харгалзсан, эсвэл хорих ялыг нь хойшлуулсан хүмүүсийг хэрхэн өршөөж байгаа вэ?
Тэнсэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авахуулсан 4200 гаруй хүн хяналтад байсан. Тэднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2, 5.3 дахь заалтад хамрагдах 2201 иргэн бий нь хяналтад байгаа нийт хүний 52.1 хувь нь. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2, 5.3-т зааснаар өршөөлд хамруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож ирүүлсэн, хорих ял оноохгүйгээр тэнссэн 1994, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 78, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 55, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 75 хүний хувийн хэрэг, материалыг хянасан нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдвал зохих нийт хүний 92 хувийг эзэлж байгаа.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2021.08.03 мягмар №147(7195) сэтгүүлч Г.Цолмон