ЗАМЫН-ҮҮД: Наймдугаар сард ачаа барааны эргэлтийг өргөн царигаар хүлээж авна
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Замын-Үүд суманд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Замын-Үүд сумын удирдлагууд ачаа бараа эргэлтийн нөхцөл байдлын тайланг Шадар сайдад танилцуулсан юм.
Энэ үеэр албаныхан "Хоногт 14-15 вагон Эрээн өртөөнд өргөн царигаар бараа хүлээлгэж өгч байгаа. Нэг удаадаа 50-55 ачааны вагоноор ачилт хийж байгаагийн 70% нь экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн гарч байгаа.
Ачаа барааны бөөгнөрөл 2020 оны 12 сараас эхэлсэн. Тус хугацаанд Эрээн болон Хөх хотын талд нийт 15 удаагийн санамж бичиг өгч, ачаа барааг өргөн царигаар буюу өөрсдийн бүрэлдэхүүнээр ачиж оруулж ирэх саналыг дэвшүлсэн. Үүний үр дүнд долоон сарын хугацаанд 192 вагон ачиж оруулж ирсэн. Одоогийн байдлаар эхний ээлжид хоногт 50 вагоноор ачилт хийж байна.
Наймдугаар сард ачаа барааны эргэлтийг өргөн царигаар хүлээж авах гарц гаргалгааг ерөнхийдөө тодорхойлчихсон. Бэлтгэл ажлаа хангасан” хэмээлээ.