ЗАМЫН-ҮҮД: Төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлснээр ачааны бөөгнөрлийн асуудал тодорхой хэмжээгээр буурна
2021 оны 7 сарын 30
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг Замын-Үүд суманд ажиллаж байгаатай холбогдуулан Замын-Үүд дэх Хилийн боомтоос өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ "Монгол Улс БНХАУ-ын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна. Өчигдөр орой гэхэд Эрээн хотын өргөн царигийн тавцан дээрээс манай улс руу 50 галт тэргээр ачаа бараа тээвэрлэн, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өнөөдөр энд орж ирэхэд бэлэн болоод байна. Цаашид зөв зохион байгуулалт хийхэд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Төмөр замын тээврийг нэмэгдүүлснээр үүсээд байгаа авто замын тээвэрлэлт, бөөгнөрлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.
Цаашид Замын–Үүдийг ногоон бүс болгоход дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
- Замын–Үүд болон Замын–Үүд боомтын чиглэлд хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах.
- Зайлшгүй нэвтэрсэн тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт судалгаа, хяналтын горимыг сайтар зохион байгуулах.
- Замын – Үүд суманд тусгаарлагдаж байгаа ойрын болон дам хавьтлын хяналтыг чангатгаж, идэвхтэй голомтуудыг үе шаттайгаар идэвхгүй болгох. Улмаар голомтуудыг устгах нь бидний ажилд эерэгээр нөлөөлөх боломжтой.
БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтын авто замын гаалийн агуулах болон гадна талбайд хуримтлагдаад байгаа ачаа бараа, импортын техник, тоног төхөөрөмжийн бөөгнөрлийг бууруулж, хилийн бүсийн хэвийн ажиллагааг хангахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
- Экспортын бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг Улаанбаатарын гүний гааль, хяналтын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагууд стандартын дагуу хийснээр, гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх, импортоор орж ирэх ачаа бараа, техник, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэж бөөгнөрөл багасна.
- Төмөр замын өргөн царигаар өдөрт 50 хүртэлх галт тэргийн цувааг БНХАУ-ын Эрээн хотын боомтын талд оруулж, барилгын болон бусад ачаа барааг татаж авснаар бараа материалын бөөгнөрлийг багасгахад нөлөө үзүүлнэ.
- Тусгаарлалтад байгаа жолооч нарын тоог нэмэгдүүлэх. Ингэснээр ачаалал багасч, орох, гарах чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэх бүрэн боломжтой байна.
- Импортоор орж ирж байгаа хоосон тээврийн хэрэгсэл дээр нэг төрлийн овор хэмжээ ихтэй хөнгөн, тухайн техникийг гэмтээхгүй ачаа барааг тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна." хэмээлээ.
Эх сурвалж: Замын-Үүд дэх Гаалийн газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629308
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс