ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүслээ
Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад зөрчил яагаад бүртгэгдээгүй вэ гэх шалтгаан болон тухайн үед эрх чөлөөгөөрөө хохирсон иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа.
Цагдаагийн байгууллага нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт хүсье. Тухайн хүмүүсээс ч мөн давхар уучлалт гуйж байна.
Мөн уг асуудалд шат шатны дарга нар нь яагаад анхаарал тавиагүй вэ гэдэг дээр дотооддоо албан шалгалт явуулна.
Эрх чөлөөнд халдсан асуудал нь өөрөө гэмт хэргийн шинж чанартай учраас холбогдох үйл явцын дагуу шалгалтын ажиллагаа явагдана" гэлээ.
Ийнхүү ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүсэв.