Иргэдийн эрхэнд халдсан хоёр цагдааг албан үүргээс нь чөлөөлж, АТГ-т шалгуулахаар болжээ
Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар ЦЕГ-ын Дотоод, хяналт аюулгүй байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: Энэ сарын 29-ны өдөр твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдаад байна. Бичлэг дээрх үйл явдал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийнх. Тухайн үед иргэд болон цагдаагийн алба хаагчид хоорондоо тохиролцож, ямар нэгэн бүртгэлд оруулалгүйгээр нуун дарагдуулсан байсан нь өчигдөр ил боллоо.
Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн.
Мөн алба хаагчдын хэргийг материалжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн" гэлээ.