Баруун дөрвөн замын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд Баруун 4 замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06.00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Улмаар инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэсэн байна.
Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18.00 цагт нээв. Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байгааг албаныхан мэдээллээ.