Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ
Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар хааж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мөн бусад автозам, шороон замаар суудлын тэрэг болон мотоциклтэй иргэд зорчихгүй байхыг анхааруулжээ.
Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч шинээр далан шуудууны ажил хийгдсэний үр дүнд уулнаас бууж байгаа их хэмжээний ус аймгийн төвийн хойд талаар урсаж байна. Гэсэн ч усархаг борооны улмаас үерийн түвшин нэмэгдэж, барилга байгууламж айл өрхүүд усанд автах, замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин мотоцикл шавар усанд суух, цахилгаан болон шугам сүлжээний гэмтэл, хөрсний нуралт зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо хүнтэй байлгах, айл хөршүүддээ анхаарал хандуулахыг анхааруулсан байна.
Түүнчлэн Даланзадгад - Номгон, Ханбогд - Баян-Овоо чиглэлийн шилэн кабельд гэмтэл гарч Номгон, Баян-Овоо сумдын бүх сүлжээ унасан байна.