Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг сольж эхэлжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцсан.
Энэ үеэр Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон ичмээр хаалга байсныг хараад Ерөнхий сайд уулга алдсан.
Тэгвэл Замын-Үүдэд ажил сайжруулахаар шинээр очсон баг Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж иржээ. Улмаар эхний ээлжинд Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулж эхэлсэн байна.
Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусгахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. Дээрх санал, гомдлын утсыг дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх үүрэг авсан талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх өмнө мэдээлж байсан юм.