ЦЕГ: Жолоодох эрхээ хасуулсан 26950 иргэн “ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ“ хуульд хамрагдахгүй
"Өршөөл үзүүлэх тухай" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс мэдээлсэн билээ.
Тэгвэл жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолоочоос 26950 иргэний жолоодох эрх сэргэхгүй буюу "Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамрагдахгүй байна.
Тодруулбал, эдгээр иргэдийн мэдээлэл нь Захиргааны хариуцлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр эрх хасагдсан, эрх хязгаарлагдсан төлөвт байгаа аж.
Харин 2017 оны долдугаар сарын 01-нээс энэ оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 14.7.3.2, 14.7.13, 14.7.30, 14.7.32 дах заалтуудыг тус тус зөрчиж эрхээ хасуулсан 40531 жолоочийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй төлөв”-т шилжүүлсэн байна.
Мөн бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт 2879186 удаагийн торгуулийн мэдээллээс тус хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдахгүй 20611 удаагийн торгуулийг хассан байна. Үүнээс 2804815 удаагийн торгуулийн 50 хувийг, 53760 удаагийн торгуулийг бүрэн, нийт 2858575 удаагийн торгуулийг мэдээллийг санд сэргээсэн аж.