ТЦА: Орон нутаг руу бэлтгэлтэй, аюулгүй зорчихыг анхаарууллаа
Энэ сарын 10-наас эхлэн 9 хоногийн хугацаанд амралтын өдрүүд үргэлжилнэ. Эдгээр өдөр иргэд аймаг, орон нутаг руу аяллаар явах нь ихэсэж нийслэлээс хөдөөг зорих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган бэлтгэлээ ханган анхаарал болгоомжтой оролцож хурдаа тохируулан зорчихыг ТЦА-наас өнөөдөр мэдээлж анхааруулан сануулж байна. Мөн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байж, баталгаат зам, гарц, гарам гүүрээр гарч зорчихыг анхааруулж байна.
Түүнчилэн амралтын өдрүүдэд үйлчлэх хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг АТҮТ-өөс гаргаад байна. Амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-19-нийг дуустал Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Өмнөговиос бусад аймагт хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг нээгээд байгаа тул 30 чиглэлд дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх аж. Коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүйг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.