Э.Даваажамц Багануураар дайран өнгөрөхдөө “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ“ АЯНД нэгджээ
Эх орноо тойрон гүйж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 35 дэх өдрөө гүйж байна. Тэрбээр өчигдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн бөгөөд энэ үеэрээ цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Ирээдүйгээ хамгаалъя" аянд нэгдэж, хүүхэд бүхнийг эрсдэлээс хамгаалж, иргэн бүрийг хариуцлагатай байж, бидний ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалахыг уриалсан байна.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ.