Энэ сарын 15-ны өдрөөс нэг малаас 0-2000 төгрөгийн АЛБАН ТАТВАР авч эхэлнэ
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирусний халдварын цар тахалтай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэхийг хагас жил хойшлуулаад байсныг энэ сарын 15-наас авч эхлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна.
Тодруулбал, коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 4-ний хуралдаанаар өнөөдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, аймаг, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгоод байсан юм.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм.
Нэг ёсондоо нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ 2 мянган төгрөг хүртэл байхаар тогтоосон юм.
Татварын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдэхэд зарцуулж байхаар хуульд тусгасан юм. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосон юм.