НЭМГ: Хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байсан. Уушгины рентген зургаас харахад хатгаа авсан байсан. Хэсгийн ахлагчийн Өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлснээр тухайн иргэн сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэх өгүүлэмжтэй байна.
Долоодугаар сарын 3-ны 09:30 цагт 103 дуудаж, түргэн тусламжийн эмч очиж үзсэн. Тухайн үед орчны харьцаа хэвийн, өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. Рентген зургийг үзээд 103-ын эмч харьяа эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөөд буцсан байна.
Талийгаач БЗД-ийн “Энэрэл” эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг зургаадугаар сарын 9-нөөс халдвар авсан өвчтэй хүмүүсийг эмчилж байна. Уг эмнэлэгт гэртээ өөрсдөө түргэвчилсэн шинжилгээ хийж, эерэг гарсан, биеийн байдал хүндэрсэн хүмүүс олноор очдог онцлогтой.
Иргэн “Энэрэл” эмнэлгийн гадаа 10:50 минутад очсон. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй учир тухайн иргэнийг БЗД-ийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өвчтөнийг авахгүйгээр буцаагаад “Энэрэл” эмнэлэг рүү явуулж, дахин “Энэрэл” эмнэлэгт очсон байна. Түргэн тусламж 5 минутын дотор очиход тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй болж, нас барсан байсан.
Өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн эмнэлэг. Тэдэнд менежментээ өөрчилж, арга хэмжээ авах юм. Энэ хэргийн талаар хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
НЭМГ-ын зүгээс талийгаачийн ар гэрээс уучлал хүсэж байна.
2021.07.04
Эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна.
Энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж, шалгахад 35 настай эрэгтэй нас барсан байсан. Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох юм.