ЦЕГ: “Энэрэл“ эмнэлгийн гадна нас барсан эрэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэхийг шалгаж байна
Өчигдөр 11:00 цагийн орчимд "Энэрэл" эмнэлэгийн гадна нэгэн залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2021.07.03-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй "Р" гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэжээ.