Д.Энхцэцэг: Дэлхий дахинд жилдээ 10 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн нас барж байна

2021 оны 3 сарын 29

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр энэ жил “Цаг явсаар байна” уриан дор явагдаж байна. Энэ өдрийг угтан Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг ТББ-аас зохион байгуулж буй ажлын талаар МСТН-ийн ажилтан Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

Arslan.mn-Та Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг төрийн бус байгуулагынхаа талаар товчхон танилцуулна уу?
- Манай Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 1993 онд байгуулагдсан, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Бид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийхээс гадна сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хамтарсан семинар, уулзалтууд болон Сүрьеэгийн үндэсний семинар зэргийг амжилттай зохион байгуулж ирсэн. 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагаар шалгарч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэн ажиллаж байна. МСТН нь Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймагт салбартай бөгөөд нийт 238 ЭМСДА ажиллаж байна. Ажиллах хугацаанд 2007 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн шилдэг салбар хүлээн авагч, 2011 онд ЭМЯ-ны “Хүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлсэн байгууллага”-аар тус тус шалгарч байсан байгууллага юм.

- Танай байгууллагын зорилго, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бусад байгууллагаас ямар онцлог ялгаатай вэ?

-Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь сүрьеэ, уушигны өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлчилгээ тусламжийг сайжруулах зорилготой ажилладаг. Бидний ажлын гол ялгаатай тал нь олон нийтийг сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулж, үйл ажиллагааг өргөтгөн, хамтран ажиллах юм. Ийид дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилладаг. Үүнд:

  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд бодлогын дэмжлэгт орчныг бүрдүүлэх, Сүрьеэгийн өвчтнүүдэд үзүүлэх үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ тусламжийг сайжруулах
  • Олон нийтийн дундаас бэлтгэгдсэн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, сүрьеэгээс сэргийлэхэд хувь хүн, хамт олон, олон нийтийн оролцоо, эрсдэлт бүлгийн хүн ам болон олон нийтийн дунд сүрьеэ болон уушигны өвчнөөс сэргийлэх талаар ойлголтыг нэмэгдүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилчдыг чадавхижуулах

Эдгээр зорилго, зорилтын хүрээнд манай нийгэмлэг нь 2003 оноос Глобаль сангийн төслийн хүрээнд СДА гэрээр эм хүргэн уулгах, хоолтой эмчилгээ, дэмжих бүлгийн гишүүдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд, ЕБС-ын сурагчдын дундаас үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтууд, мэдээлэл сургалт сурталчилгааны материал боловсруулан хэвлүүлж тараах, сүрьеэтэй өвчтнүүдэд хүнсний тусламж үзүүлэх, асуумжийн аргаар эрт илрүүлгийг хийх зэрэг үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо манай байгууллага үргэлжлүүлэн 2021 оноос Глобаль сангийн “Монгол улсад ХДХВ/ДОХ, Сүрьеэгээс сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх” 3 жилийн төслийг УБ хотын 8 дүүрэг, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд СДА гэрээр эм хүргэн уулгах, сүрьеэтэй өвчтөнд хүнсний нэмэгдэл олгох, сүрьеэтэй өвчтөнд унааны карт олгох, сүрьеэтэй өвчтнүүдийн ялгаварлан гадуурхалтанд үнэлгээ хийх, үе тэнгийн сургагч нарт гарын авлага, удирдамж боловсруулах, олон нийтэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны материал боловсруулан гаргах, явуулын илрүүлгийн баг илрүүлэг хийж ажиллах, сүрьеэгийн эмч нарын туршлага солилцох уулзалт зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна

-Сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан танай байгууллагаас ямар ажлууд хийж байгаа вэ?

-Манай байгууллага энэ жилийн СТДӨ-ийг тохиолдуулан .. заалт. бүхий ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж байгаагаас гадна аймаг, дүүргүүд сүрьеэгийн диспансертайгаа хамтран хийх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал зарим нэг ажлаас дурдвал:

  1. Олон нийтийн дунд сүрьеэ өвчний талаарх санамж, гарын авлага нийт 15000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж тарааснаас гадна Фэйсбүүк хуудас болон вэб хуудастаа тогтмол мэдээ, мэдээллийг оруулан, видео, шторк бэлтгэн сурталчилгааг өргөжүүлэн ажиллаж байна.
  2. Өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд сүрьеэ өвчний талаарх мэдээллийг өргөн хүрээтэй хүргэх үүднээс “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе”, “Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа” видео шторкуудыг бэлтгэн фэйсбүүк хуудсанд байршуулсанаас гадна цуврал podcast ярилцлагыг фейсбүүк, youtobe-ээр дамжуулан хүргэж эхлээд байна.
  3. Утас болон цахим сүлжээгээр сүрьеэ өвчний талаар зөвлөгөө өгч байна.
  4. “Сүрьеэг устгая” уриан дор сүрьеэгийн эмч нарын дунд туршлага солилцох цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаанд 72 эмч, мэргэжилтний материалыг хүлээн авч шалгаруулсан ба эхний 5 байранд орсон эмч нарт шагнал урамшууллыг олголоо. Энэ нь сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан биенээс суралцах, туршлага судлах боломжийг нэмэгдүүлснээс гадна эмч мэргэжилтнүүддээ урам, дэмжлэг өгсөн ажил болсон.
  5. ЭМСДА-даа сургалт хийж, тэднийг Ковид-19-өөс хамгаалж маск, гар ариутгагчаар хангаснаас гадна БГЭМТ-тэй хамтран УБ хотын ЭМСДА-д болон төслийн ажилтнууд нийт 101 хүнийг Ковид-19 эсрэг дархлаажуулалтанд хамруулсан.
  6. Сүрьеэтэй өвчтөнд хүнсний болон
  7. Түүнчлэн дүүргийн болон 21 аймгийн СДА-ууд Олон нийтийг хамарсан аяныг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.

-Сүрьеэ өвчин, ковидын ялгаа

-Сүрьеэ өвчин, Ковид-19 өвчин нь хоёулаа амьсгалын замаар халдварладаг. Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар үүсгэгддэг бол ковид-19 нь ковидын вирусээр үүсгэгдэж байна. Дэлхийн нийтэд 2019 оноос Ковид-19 өвчин бүртгэгдэн цар тахлын хэмжээнд хүрсэн. Өнөөдрийг хүртэл дэлхийд болон манай улсад дэгдэлт буураагүй, харин ч нэмэгдэж байна. 2021 оны 03 сарын 21-ны байдлаар дэлхийд 121.9 сая гаруй хүн ковид-19-өөр өвдөж, 2.6 сая гаруй нас барсан бараад байна. Гэтэл дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тооцоолол байдаг. Дэлхий дахинд жилдээ 10 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн нас барж байна. Монгол улсад сүрьеэ өвчнөөр жилд 4000 хүн өвчилдөг бол Ковид-19 өвчнөөр хоёр жилийн хугацаанд 4806 хүн өвчилсөн байна. Гэтэл Монгол улсад 2013-2014 онд хийсэн Сүрьеэгийн тархалтын тандалт судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт тооцоолсноос 3 дахин их байгааг тогтоосон. Сүрьеэ өвчний улмаас манай улсад жилд 200 гаруй хүн нас барж байгаа бол Ковид-19 өвчнөөр 5 хүн нас барсан байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол жилдээ 218 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүрьеэтэй тэмцэх сэргийлэхэд хүндрэл учруулж байгааг бас дурдах нь зүйтэй байх. Энэ бүх мэдээллээс үзэхэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаагийн зэрэгцээ сүрьеэ өвчний улмаас олон хүн нас барж байгаа нь бид сүрьеэгийн асуудалд анхаарлыг сулруулж болохгүй, Ковид-19-ын адил өндөр анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

-Танай байгууллагын амжилтыг та юу гэж хэлэх вэ?

-Манай байгууллагын ажлын үр дүнгийн хамгийн гол үзүүлэлт бол эмчилгээний амжилт байдаг. Улсын хэмжээнд сүрьеэгийн эмчилгээний амжилт 2019 онд 86.5%-тай байсан бол манай СДА-аар дамжуулан эмийг шууд хяналттай уулгаж байгаа сүрьеэгийн эмчилгээний амжилт 98%-тай байгаа нь олон нийтийн ДОТС эмчилгээ ихээхэн үр дүнтэй байгааг харуулж байгаа гэж бодож байна. Энэхүү эмчилгээ үр дүнтэй болоход манай сайн дурын ажилтнуудын идэвх санаачилга, хичээл зүтгэл их чухал байгааг дурдах нь зүйтэй юм. Тухайлбал: Өнөөдрийн байдлаар УБ хотын 8 дүүрэг, 21 аймагт нийт 238 ЭМСДА ажиллаж, эхний 2 сарын байдлаар, төслийн хүрээнд гэрээр 575 хүний эмийг хяналттай уулгасан. Үүнээс эдгэрсэн, эмчилгээ дууссан 204 байна. Нийт 4136 хүнээс асуумж судалгаа авч, сэжигтэй тохиолдол бүхий 317 хүнийг илгээснээс, 52 хүнд сүрьеэ өвчнийг илрүүлэн, сүрьеэгийн эмчилгээнд хамруулаад байна. Түүнчлэн эмчилгээнд хүнсний тусламж, нийтийн тээврээр зорчих карт зэргийг сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтнүүдэд олгож байгаа нь эмчилгээний үр дүнд чухал дэмжлэг болж байгааг дурдмаар байна.
Мөн олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээллийг 5629 хүнд хийж, фэйсбүүк, вэб хуудсаар сүрьеэ өвчний талаар нийт 176 мэдээлэл оруулж, 88508 хүнд хүрсэн нь сүрьеэ өвчнөөс сэргийлэх, сүрьеэ өвчнийг эмчлэн эдгэрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа гэж бодож байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628389
0 эможи

keyboard_arrow_up