БХТ-ийн захирал Ц.Амарсанаа “Их Эзэн Чингис Хааны Музей Галерей Сан”-тай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа
Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Барилгын Хөгжлийн Төв”-ийн захирал Ц.Амарсанаа болон “Их Эзэн Чингис Хааны Музей Галерей Сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх нар Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас зарласан “Дэлхийн Орон Нутгийн Аялал Жуулчлалын Стартап Уралдаан”-д оролцоход хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь “Дэлхийн Орон Нутгийн Аялал Жуулчлалын Стартап Уралдаан”-д ЮНЕСКО-ийн “Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг сурталчлах, алдаршуулах, Монгол Улсын аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах гарааны төслийг хамтран боловсруулах явдал юм.
Тус төслийг Төвийн боловсруулсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн судалгааны материалд үндэслэн Орхоны хөндийн шинэ хот суурьшлын бүсийн урьдчилсан судалгаатай уялдуулах мөн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум буюу одоогийн Хархорин сумын хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудалд онцгой анхаарах, аялал жуулчлалын хөгжлийн дэлхийн нийтийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Дэлхийн аялал жуулчлалын шилдэг тосгон” номинацид дэвшүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.