Г.Ганбаатар: Асгарсан түлш “Орхон” гол руу урссан гэх мэдээлэл ХУДАЛ. Тийм их хэмжээний шатахуун асгараагүй
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан осол зургадугаар сарын 25-нд буюу өнгөрсөн баасан гарагт гарсан.
Тэгвэл Цистерн вагоноос асгарсан түлш Орхон гол руу урсан орж байгаа талаарх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд тархсан юм.
Тэгвэл энэ талаар Орхон аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатараас тодруулахад, "Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт усархаг бороо орж замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан талаарх дуудлагыг энэ сарын зургадугаар сарын 24-ны 21.30 минутад хүлээж авсан. Тухайн үед бороо ус их орж, зам шавар, бартаа ихтэй байсан учир 01.00 цагийн орчимд осол болсон газар очсон. Биднийг очиход зургаан вагон замаас гарсан байсны гурваас нь түлш шүүрч байсан. Гэхдээ бүх түлш газарт асгараагүй, вагоны таг хэсгээр шүүрч байсан. Улмаар түлшийг өөр вагонд юүлээд, арга хэмжээ авсан. Цахим орчинд цацагдаад буй мэдээлэл худал. Ойролцоогоор 4-9 метр квадрат хөрсөнд шатахуун нэвчсэн. Харин орхон гол осол болсон газраас 5-6 километрийн зайтай.
Асгарсан түлш “Орхон” гол руу урссан гэх мэдээлэл худлаа. Тийм их хэмжээний шатахуун асгараагүй. Дунджаар хааш хаашаа 2-4 метр газар л түлш асгарсан. Мөн түлш асгарсан газрын хөлсийг нь хуулж аваад, элс хайрга асгасан." гэв.