Б.Баттулга: Хүүхэд ослоор амиа алдсан явдал их байгаа нь хамгаалалтын суудал, бүс хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулгатай “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

-Цагдаагийн ерөнхий газраас “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг эхлүүлж байгаа энэ талаараа ярихгүй юу?
-
Цагдаагийн ерөнхий газраас жил бүр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь тодорхой эерэг үр дүнд хүрч, иргэдийн зүгээс талархалтай хандаж, тухайн аян, арга хэмжээг дурсдаг, ярьдаг, хүлээдэг болсон байна.    

Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд дотоодын аялал эрс нэмэгдсэн. Мөн энэ онд дотоодын аялал ирэх саруудад ихсэх төлөв байгаа тул Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, эхлүүлж байна.  

Дээрх хугацаанд иргэд аялалд ихээр явах, нийслэлээс орон нутгийг зорих, буцаж ирэх замын хөдөлгөөн нэмэгддэг. Мөн зам тээврийн ослын 65-70 хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг. Иргэд орон нутгаар аялалд явахдаа үр хүүхэд, аав, ээж, гэр бүл, найз нөхдөөрөө бөөндөө ихэвчлэн явдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж яваа гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хувь заяа зөвхөн нэг хүний буюу тухайн жолоочоос шууд хамааралтай байдаг. Иймд бидний ирээдүй болсон үр хүүхэд, бяцхан зүрхүүдээ, гэр бүлээ та л хамгаалж чадна гэсэн уриатайгаар энэ удаагийн аян, арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Мөн Оюу-толгой ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа аяныг 3 дахь жилдээ санхүүжүүлж, хамтран оролцож байгаад талархал илэрхийлж байна. Төрийн бус байгууллага болон иргэдээс арга хэмжээнд хамтран оролцох санал хүсэлтүүд ирсээр байгаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгааг харуулж байна.            

-Тус аяны хүрээнд ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ?
-“Ирээдүйгээ хамгаалъя” аян, арга хэмжээний хүрээнд иргэддээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийг осолд өртөхөөс хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байлыг хангахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёлыг төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл болон орон нутгийн замд цагийн менежменттэй эргүүл ажиллуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд тогтмол хийгдэнэ. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд сум хүртэлх замд тээврийн хэрэгслийн дундаж хурд хэмжигч иж бүрэн камерыг суурилуулах, нийслэлийн хөдөлгөөн ихтэй 4-5 гарц дээр Зам, тээврийн хөгжлийн яам, “АПУ” ХК-тай хамтран “Ухаалаг гарц” төслийг хэрэгжүүлэх зэрэг иргэддээ чиглэсэн олон талт арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байгаа.   

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ?
-
2019, 2020 онд “Яараад яахав-1, 2”, “Дураараа биш дүрмээрээ” аян, арга хэмжээг зохион байгуулагдах хугацаанд зам тээврийн осол 40,6-50,8 хувиар, гэмтсэн иргэн 30,5-49,7 хувиар, нас барсан иргэн 10,0-11,7 хүртэл хувиар буурсан. Энэ жил өмнөх онуудад үзүүлсэн үр дүнгээ ахиулах, мөн жолооч нарт зөв дадал, зөв хандлагыг хэвшүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Зам тээврийн ослын хэдэн хувь нь хурд хэтрүүлснээс үүдэн гардаг вэ?
-Зам тээврийн ослын 80-90 хувь нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн ослууд гарч байна. Цагдаагийн байгууллагаас байнгын хяналт шалгалтыг явуулж байгаа боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нийслэл хот болон орон нутагт таслан зогсоогдохгүй байна. Нийслэл хотод хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30-40 зөрчил тогтмол бүртгэгддэг. Хяналт шалгалтыг эрчимжүүлэхэд зөрчлийн тоо өсдөг, өдөрт 80-90 зөрчил бүртгэгдсэн тохиолдол бий.

-Он гарсаар зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?
-
Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслиын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 247 бүртгэгдэж, ослын улмаас 207 иргэн гэмтэж, 62 иргэн нас барсан, насанд хүрээгүй 98 хүүхэд гэмтэж, 10 хүүхэд нас барсны 7 тохиолдол нь тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэх үед дайрагдсан хамарсалтай тохиолдлууд бүртгэгдсэн. Хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч шалгадаг, урд болон ард нь хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгадаг зөв хэвшилтэй болохыг жолооч нартаа уриалж байна. 

-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирох, цаашлаад амь насаа алдах харамсалтай явдал цөөнгүй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид юун дээр анхаарч, юуг хэвшил болгох нь зүйтэй вэ?
-
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх үед замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийн үзүүлэлтээс харахад нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртсөн байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртсөн үзүүлэлт гарч байна. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их байгаа нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай. Нийслэлд осолд өртөгч хүүхдүүд нь ихэвчлэн явганаар хөдөлгөөнд оролцогч хүүхдүүд байгаа тул цэцэрлэг, сургуульд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг, боловсрол олгох, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх явдал чухал юм.

  • Явган хүний гэрэл дохио, гарцтай, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гарах.
  • Тээврийн хэрэгсэл дотор хүүхдээ өвөр дээрээ болон зогсоо байдлаар авч явахгүй, хүүхдэд хамгаалах бүс зүүлгэж, хамгаалах суудал, суудал өндөрсгөгч хэрэглэж, аюулгүй зөв тээвэрлэх.
  • Хүүхдээ асран хамгаалагч, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулах.
  • Замын зорчих хэсгээр явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ хөдөлгөөнд оролцох үедээ утсаар ярьж, мессэж бичих, чихэвчний хөгжим сонсгохгүй байхыг хэлж, хэвшүүлэх хэрэгтэй.
  • Мөн эцэг эхчүүд, жолооч нар маань хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч хардаг, урд болон ард нь хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгадаг байх хэрэгтэй.

-Иргэддээ хандаж, анхааруулах зүйл юу байна вэ?
-
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” аян, арга хэмжээг дэмжиж, идэвхтэй оролцох, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах шаардлагатай байгааг анхааруулж байна.

 “Яараад яах вэ дээ-1, 2” аян, арга хэмжээг зохион байгуулахад иргэд идэвхтэй оролцож, бидний ажилд их дэмжлэг үзүүлсэн. Энэ удаагийн аян, арга хэмжээнд жолооч, иргэдийг идэвхтэй оролцож, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос хамтдаа сэргийлцгээе.

Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хэрэв та орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одооноос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлж “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна.  

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628199
0 эможи

keyboard_arrow_up