Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Дэлхий үнэлж, биширч байхад монголчууд өөрсдөө тоодоггүй олон салбар байдгийн нэг нь циркийн урлаг. Тиймдээ ч авьяаслаг олон уран бүтээлч эх орондоо ажиллахаас илүүтэй гадаадын алдартай, цалин хангамж, орчин нөхцөл сайтай циркүүдэд гэрээгээр ажиллахыг илүүд үзэх нь бий. Учир нь өндөр хөгжилтэй орнууд соёл урлагаа ихэд дээдлэн, хөгжүүлж, улсынхаа нэрийг алдаршуулахын төлөө хөрөнгө мөнгө, зүрх сэтгэл бүхнээ зориулан зүтгэж байгааг бид нүдээрээ харж сууна. Чадварлаг, авьяаслаг, тухайн урлагтаа хайртай сайн уран бүтээлч байна гэдэг бахадмаар зүйл боловч энэ бүхнийг ойлгодоггүй, үнэлдэггүй төртэй улсад амьдарна гэдэг асар том харуусал юм. Энэ харууслыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа хүмүүсийн томоохон төлөөлөл нь циркийнхэн. Бэлтгэлээ хийдэг байр нь хувьчлагдсан. Хойч үеийн залгамж болсон сурагчид нь бэлтгэлээ хийх сургуульгүй.  Ийм учир хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  асарт өнгөрөгч намар циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  хийсэн.Арга барагдсан уран бүтээлчид “Циркийг эргүүлэн өгч, сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд хуучин циркийн байрыг  шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг салбар Соёлын яамандаа өгсөн. Гэвч “Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд  шаардлагыг хүргүүлсэн.

Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийн Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны алинд нь энэ асуудал хамаатай эсэх нь тодорхой бус байсаар сүүлдээ бид мартав. Сүм хийдийг үндэсний өв соёл хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан атлаа циркээ хувийн хэвшлийнхнээс авч чадахгүй байгаагаас 30 жилийн дараа шинээр байгуулсан Соёлын яамны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, сайдын урлагийн талаарх мэдлэгийг дүгнэчихэж болно.

Зургаан сард шинэ циркийг ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив?

Одоогийн Монголын үндэсний цирк, бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Мөн   орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг  энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдлийг “Монголын үндэсний цирк” гаргасан тухай бичиж байв. Гэвч зургадугаар сард дуусч байхад “Монголын үндэсний цирк” болоод Соёлын яамнаас циркийг хэзээ ашиглалтад оруулах талаар ямар ч мэдээлэл  бидэнд өгсөнгүй. Үүнээс гадна Соёлын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл бидэнд алга” гэсэн хариу өглөө. Соёл урлагийг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах үүрэгтэй Соёлын яам циркийн асуудлыг ор тас мартасны цаана ямар учир байгаа вэ.

Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд асан С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон. Түүнээс албан тушаалыг нь хүлээн авсан Ч.Номин ч сайдын суудалдаа заларснаас хойш циркийн асуудлаар ганц үг дуугарсангүй. Үүний оронд хувцас загварынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хятад загварын дээл өмсөн шүүмжлэлд өртөөд амжлаа. Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг эсэргүүцнэ” гэсэн мэдэгдлүүдийг судлаачид олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байв.

Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан билээ. Ийн дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлагаа аврахын төлөө бид юу хийх вэ. Одоо сургууль ч, цирк ч Монголд алга.

“Циркийн барилга нь 1971 онд баригдсан  тул сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгслийг цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Тиймээс  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засаж эхэлсэн” гэж Монголын үндэсний  цирк мэдэгдэж байв.Мөн  “Бид бүхэн циркийн урлагийг  цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэсэн сайхан мэдээг дуулгасан. Гэвч  энэ нь удаа дараа мэдэгдэл хийж цуцашгүй зүтгэсэн циркийн уран бүтээлчдийн амыг таглах гэсэн хий хоосон оролдлого байжээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628096
0 эможи

keyboard_arrow_up